Н.Мягмардорж

Биеийн тамираар хичээллэдэггүй залууст спортын өөр хэлбэр байж болдог гэдгийг харуулж буй нэг хэлбэр бол цахим спорт юм. Алхам тутам цахимтай нүүр тулж буй энэ үед  "PC" тоглоомын газар  буюу интернэт кафе, цахим тоглоомын газар гэх мэтчилэн нэрлэсэн тоглоомын газарт хүүхэд залуус цагийг их өнгөрөөж байна. Энэ нь нэг талаараа спорт болон хөгжиж байгаа хэдий ч нөгөө талаараа донтох аюул дагуулж байна. Өөрөөр хэлбэл, ЕБС-ийн сурагчид тэр дундаа өөрийгөө бүрэн гүйцэд хянах чадвар суугаагүй бага ангийн хүүхдүүд удаан хугацаагаар тоглож байгаа нь харамсалтай. Тиймээс эцэг эхчүүд хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулах, зааж зөвлөх цаг нь аль хэдийнэ иржээ. Цахим тоглоомын газруудын цагийн хуваарь ихэвчлэн 22:00 цагаас хойш ажиллахыг хуулиар хориглосон байдаг. Гэвч биднийг 22:00 цагаас хойш хэд хэдэн цахим тоглоомын газраар ороход хаасан нэрийдлээр нууцаар буюу хууль бусаар ажиллаж байлаа.

Тэд гаднаас нь харахад хаасан мэтээр хаалгаа түгжээд дотор нь шөнөжин тоглуулж үүрээр тардаг. Тарж очоод шууд хичээлдээ явдаг. Шөнөжин дэлгэц ширтэж нойргүй хононо,  дээр нь нүд  их ядардаг учраас хичээл дээрээ очоод үүрэглэдэг.

Даалгавар хийх нь битгий хэл хичээлээ ч ойлгодоггүй. Долоо хоногтоо 2-3 удаа найзуудаараа нийлж тоглодог гэж хэд хэдэн дунд сургуулийн сурагч ярьсан юм. Энэ асуудлыг дан ганц цагдаагийн байгууллага шийдвэрлээд зогсохгүй гэдгийг дахин сануулъя.