Энэхүү тооцоог гаргасан “Africa Practice”, “Africa No Filter” нэртэй хоёр байгууллагын хамтарсан мэдэгдэлд онцолсноор олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Африкийн талаар голдуу дайн дажин, авлига, хээл хахууль, гэмт хэрэг, өлсгөлөн гуйланчлал, осол эндэгдэл зэрэг сөрөг муу мэдээлэл л цацаж ирсэн нь тус тивийн сая сая хүнд санхүү, эдийн засгийн хувьд хор хохирол учруулсаар байна. Олон улс Африкийг өнөөг хүртэл бүхэл бүтэн тив гэж үздэггүй, тусгаар тогтносон бүх 54 орныг нь өөр хоорондоо ижил төстэй гэж барагцаа төдийхнөөр төсөөлдөг нь ч хэвээр байгааг дээрх судалгаанд дурджээ. Энэ нь хэдийгээр олон жил яригдсаар ирсэн сэдэв боловч анх удаа нарийн мөнгөн дүн гарган тооцсоноороо дээрх судалгаа анхных нь болж байгаа аж.
Дээрх хоёр байгууллага Кени, Нигерия, Өмнөд Африк, Египет гэсэн дөрвөн улсад сүүлд болсон сонгуулийн явц, дүн мэдээг олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хэрхэн мэдээлснийг эдийн засгийн хөгжил, нийгмийн байдал нь ойролцоо Малайз, Тайланд зэрэг улсынхтай харьцуулан шинжихэд хэт нэг талыг барьсан, Африкийн улс орнуудыг зориуд харлуулах, үл тоомсорлох хандлага үзүүлсэн нь илэрхий байж. Энэ мэтчилэн олон харьцуулалт хийсний дүнд гаргасан 3.2 тэрбум ам.доллар гэсэн дээрх үзүүлэлт нь гэхдээ зөвхөн улс орнуудын өр зээлд л хамаатай бөгөөд хэрэв сөрөг мэдээллээс болж аялал жуулчлал, гадаадын шууд хөрөнгө оруулалт зэрэг салбарт ямар алдагдал хүлээдгийг тооцвол бүр өндөр дүн гарна гэж дээрх судалгааны дүнд дурдсан байна.