2011 оноос хойш Ерөнхийлөгч Башар аль-Ассадын дэглэмийг түлхэн унагахаар тулалдаж байгаа Сирийн зэвсэгт босогчид анх удаагаа Дераагийн гэгдэх нутгийн өмнөд хэсгийг эзэлж, хяналтандаа аваад байна. Тус улсын Иргэний дайны явцыг ойроос хянаж байгаа Британид төвтэй нэгэн байгууллагын мэдээлснээр босогчид Ассадын армийн алба хаагч, албан тушаалтнуудтай тохироо хийж, тэднийг 100 орчим км-ийн зайд орших Дамаск хот руу аюулгүй зорчих нөхцөлийг хангаж өгсөн бололтой.
Дераа нь стратегийн талаасаа ч, бэлгэдэл талаасаа ч чухал хот юм. Уг хот бүс нутгийнхаа нийслэлээс гадна Иорданы хилтэй ойрхон байрладаг давуу талтай. Мөн 2011 онд Ерөнхийлөгч Ассадын дэглэмийг эсэргүүцсэн, ардчилсан засаг тогтоохыг шаардсан, өнөөг хүртэл үргэлжилж байгаа Иргэний дайны эхлэлийг тавьсан жагсаал цуглаан уг хотод анх эхэлжээ. Сирийн Иргэний дайнд хагас сая гаруй хүн амь үрэгдэж, хэдэн зуун мянган хүн орон гэрээсээ дайжин дүрвээд байгаа юм.
Зэвсэгт босогчид Дерааг эзлэхтэй хамт нөгөө хэсэг нь нутгийн хойд хэсэгт Хомс хотын захад тулж ирсэн бол Сирийн арми гол холбоотон болох орос цэргүүдийн хамт хариу цохилт хийж эхэлсэн, хамгийн сүүлд явуулсан агаарын довтолгоонд 20 гаруй энгийн иргэн амь үрэгдсэн мэдээ байна. Босогчид өнгөрсөн долоо хоногт Сирийн хоёр дахь том хот Алеппог эрхэндээ оруулснаас гадна Хомсын хойд хэсэгт орших Хамаг мөн эзлээд байгаа юм. Хама хот сая гаруй оршин суугчтай бөгөөд Алеппо хотын адил өнгөрсөн долоо хоногоос хойш гэрэл цахилгаан, ундны ус, интернэт сүлжээ зэргээр тасалдаад байгаа аж.
Башар аль-Ассадын гол холбоотон Орос, Иран улсууд түүний засаглалыг дэмжинэ, зэр зэвсгийн тусламж үзүүлсэн хэвээр байна гэсэн ч Оросын албаныхан Украины дайнд, Ираны тал Израиль-“Хезболла”-гийн дайнд илүү анхаарал хандуулах болсноор хангамж, нийлүүлэлт нь тасалдсан; Ассадын цэргүүд буюу Сирийн Зэвсэгт хүчний хүч нөлөө суларсан гэж ажиглагчид үзэж байна.