Элдэв дайн самуун, зөрчил тэмцлээс болж хилийн зурвасаа өөрчилдөг ерөнхий жишгээс ялгаатай нь энэ хоёр улс уур амьсгалын дулаарлаас шалтгаалж 1946 оноос хойш огт өөрчлөгдөөгүй байсан хилийн шугамаа шинээр татахаас аргагүйд хүрчээ. Талууд өнгөрсөн оны тавдугаар сард анх зөвшилцөлд хүрсэн ч Швейцарь улс хэд хоногийн өмнө л гэрээнд гарын үсэг зурсан байна. Харин Италийн тал удахгүй гэрээг үзэглэх аж. Хоёр улс Маттерхорн нэртэй уулын мөнх цэвдэг хайлснаас болж хилийн шугамаа шинээр тогтоох гэж байгаа бөгөөд энэхүү уул хоёр улсын дунд байгалийн хил болдог ч орой дээрх мөнх цэвдэг нь хайлснаас болж хамгийн өндөр оргилуудыг нь холбож ирсэн уулын сэрвэн, хяр нь мөн өөрчлөгдөж, эвдэгдсэн байна.

Хилийн шинэ хэлэлцээрээр Швейцарь улс нутаг дэвсгэрээ багахан хэмжээгээр тэлэх болжээ. Маттерхорн уул Альпийн нурууг дагасан цанын спортын төв, амралтын баазуудын гол цэгийн нэг тул цасны нуранги үүсэх, аялагч жуулчид болон тамирчдад хожмоо ямар нэг асуудал бэрхшээл тулгарч гэмээнэ тэр бүхнийг саадгүй шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай тул ийнхүү хилийн шугамыг шинээр тогтоожээ. Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлаас болж Итали, Австри хоёр улс 2006 онд мөн дээрхтэй төстэй гэрээгээр хилийн шугамаа өөрчилж байсан юм.