Монголын анхны мультимедиа агентлаг Mongoliapress.mn Японы NeSTRA (Next generation Space system Technology Research Association)-d тэргүүлэгч судлаач, Шведийн Mälardalen University-д ахлах судлаачаар ажиллаж буй Ц.Нандинбаатартай ярилцлаа. Тэрбээр хоёр төрлийн робот унаач бүтээх ажлыг эхлүүлээд байгаа юм.
-Монголд хурдан морины унаач хүүхдийг хамгаалах асуудал яг одоо хурцаар хөндөгдөж байна. Үүнтэй холбоотойгоор хаврын морин уралдааныг хориглох шийдвэр гаргахыг олон нийт төр засгаас шаардаж байгаа. Харин таны хувьд уралдаанч хүүхдийн эрүүл мэнд, амь насыг хамгаалах асуудлыг шийдэх гарцыг олж харжээ. Үндэслэл судалгаагаа хэрхэн хийсэн, хэзээнээс эхлэв?
-Би 10-аад жилийн тэртээ Хоньчин Робот гэдэг нэртэй барааны тэмдэг бүртгүүлэн, одоог хүртэл хадгалагдаж байгаа юм. Адуучин Робот, Малчин Робот, Унаач Робот гээд санаануудын эх үүсвэр гэсэн үг л дээ. Анхнаасаа технологийн хөгжил бидний амьдралд зайлшгүй нутагшаад ирсэн тул, түүнийг хэрхэн өөрсдийн өдөр тутмын амьдралдаа нэвтрүүлэнгээ уламжлалт соёлоо хадгалах уу гэдэг асуултанд хариулахыг зорьсон юм. Учир нь монголчууд хэдийнээ мотоцикл унаад, малаа хариулдаг болчихсон байсан л даа. Тиймээс Монголын мал аж ахуйн онцлогийг орчин үеийн технологитой хослуулан хөгжүүлэх ёстой гэж хараад, хөдөлж эхэлсэн юм.
- Nabar & Nakarai Lab гэдгийг тайлбарлавал хэрхэн ойлгох вэ. Мөн роботоор хонь хариулуулж хурдны морь унуулах юм байна. Робот хурдны морь унана гэхээр хүмүүс янз бүрээр хүлээж авах байх. Давуу болоод сул талыг хэрхэн харж байгаа вэ?
-ШУТИС болоод DX Mongolia байгууллагууд хамтраад сансрын салбарын хөгжлийг Монголдоо бодитоор авч ирэх зорилгоор хамтарч ажиллаж байна. Бидний хамтын ажиллагаа тэртээ 2012 оноос эхлэлтэй юм л даа. Олон нийтэд сансрын салбарыг таниулж ойлгуулах талаар эхэлж байлаа. Энэхүү хамтрал маань дараагийн шатанд ахин дэвшиж ШУТИС дээр сансрын технологийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэхэд бэлэн болж байна. Бакалаврын элсэлтээ энэ жил авахаар төлөвлөж байна. Ахисан түвшнийх болоод туршилтын хөтөлбөрүүд бол хэдийнээ эхэлсэн. Үүний хүрээд, энэхүү хөтөлбөрийг дэмжих зорилгоор, миний бие ахалсан лабораторийг байгуулахаар шийдэж Nabar & Nakarai Lab гэдгийг байгуулж байна.
Энэ лабораторийг би ганцаараа яриад яваад байх биш, Япон, Швед талаас ч хамтрагч нар орж ирэх бөгөөд, онцлох хүн маань Nakarai багш байгаа юм л даа. Бид хамтдаа Японд хиймэл дагуул, сансрын төслүүдийг хэрэгжүүлээд явж байна. Бид Роботын уралдаан тэмцээнд ч оролцож байсан туршлага, давуу тал бий. Тэгээд Робот унаач бүтээе гээд хөдөлж эхэлсэн хэрэг.
Олон нийтэд мэдээллээ гаргаагүй байсан нь утга учиртай. Шинэ зүйлийг хүлээж авахгүй тал байдаг учраас. Тиймээс 2025 оны наадмаар уралдах зорилготойгоор даруухан ажиллаж байсан. Технологи оруулж ирснээр үндэсний соёлыг эвдэх нь гэх мэтээр олон янзаар болгоомжлох нь сул тал болчих вий гэж санаа зовсон хэрэг л дээ. Харин бодитоор өвлийн хүнд хэцүү орчинд унаач хүүхдүүд гэмтэж бэртэх гээд асуудлууд их байна. Үүнийг шийдэх юмсан гэж олон жил бодож ирсэн. Одоо тэр цаг нь болж ээ гэж бодоод, дуугаа өргөлөө.
-Хурдан морь амжилттай уралдахын нэг чухал нь унаач хүүхдийн чадвар, туршлагаас хамаардаг. Тэгэхээр морь роботыг хэрхэн хүлээж авах, дасгах асуудал яригдах уу?
-Унаач хүүхдээс маш их зүйл хамаардаг. Энэ нь дан ганц тухайн уралдаан биш. Өв соёл ч багтаад явж байгаа нь үнэн юм. Гэтэл бид түүнийг нь харах боломжгүй болчихоод байна л даа. Яах аргагүй унаач хүүхдүүдийн амь настай холбоотой асуудлууд ч буй тул, түүний цаана байгаа сайн сайхан нь харагдахаа больчихоод байгаа хэрэг.
Тиймээс Робот унаачийг нэвтрүүлснээр, ийм олон давуу талуудыг нь ч давхар харуулах боломжтой санагдаж байна. Робот унаачийг бүтээхийн тулд, унаач хүүхдүүдийг ч бид судлах ёстой болох юм. Энэхүү процесс нь өөрөө бидэнд түүх соёлоо харж, мэдрэх боломжийг олгоно гэж харж байна.
-Манайхтай ижил төстэй бусад оронд роботоор морь мал унуулж байсан жишиг байдаг болов уу. Тэмээ унуулж байсан жишээ бол бий байх. Унаач роботыг уяачид хэрхэн хүлээж авах бол гэж та бодож байна вэ?
-Арабд тэмээний уралдаанд ашиглаж байна. Шинэ Зеландад хонио дроноор хариулж байна гээд. Энэ бүхнийг зангидсан, Монголоос гаралтай олон улсын шинэ үеийн Роботын тэмцээнийг зохион байгуулах боломж ч бидэнд байна шүү дээ.
Уяачид ч үүнийг хүлээж авах цаг нь болсон гэж л бодогдож байна. Хурдан морины уралдаан олон янзын ангилалаар болдог шүү дээ. Нэг шинэ ангилал нэмэгдсэн гээд харвал, тэр нь ялангуяа өвлийн хүйтэнд ч боломжтой гэвэл, хэн хэндээ тус нэмэртэй боломж болж байгаа гэж л санагдаж байна.
-2025 оны Наадам-аар Роботоо ашиглан уралдахыг зорьж байгаа гэдгийг бичсэн байсан. Тэгэхээр процесс нэлээн дуусах шатандаа орсон гэж хэлж болох уу. Робот бүтээх ажил ямар шатандаа явна вэ?
-Үүнтэй холбогдох санааг бодоод 10-аад жил болчихлоо шүү дээ. Ямартай ч, 2 төрлийн робот унаачийг бид нийтийн хүртээл болгох боломжтой болж байна. Гэхдээ Роботын хөгжүүлэлт цаашдаа ч хийгдээд явна. Өөр бусад газрууд ч, энэ салбарт орж ирж, хөгжүүлээсэй гэж бодож байна.
-Эхний ээлжинд хэдэн тооны роботыг хаана үйлдвэрлэж хэрхэн турших вэ?
-Хоёр төрлийн робот дээр ажиллаж байна. Уяачид маань хоёр төрлийн роботоос сонгоод, ашиглаад явах боломжтой. Японд, бас Монголдоо хийнэ.
-Та Японд ажиллаж байгаа юм байна. Хэзээ эх орондоо ирж роботыг монголд нутагшуулах, турших гэж хэлж болох уу ажлаа эхлүүлэх вэ. Мөн тантай хамт ажиллаж байгаа багийнхнаа танилцуулбал?
-Би Японд ч, Шведэд ч ажиллаж байна. Энэ нь Монголдоо байхгүй гэсэн үг бас биш юм л даа. Монголдоо ч ажиллаж байна, зайнаас л болохоос биш. 2010 оноос хойш, Монголынхоо төлөө ажиллаад явж байна. Бид Монголдоо очихоор л Монголынхоо төлөө ажиллаж байгаа мэтээр ойлгодог. Зайнаас ч хувь нэмрээ оруулах боломжтой гэж бодогддог болоод удаж байна даа. Японд миний одоо ажиллаж байгаа NeSTRA гээд байгууллага, түүний хамтрал бүхий олон газрууд байна.