Гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд дөрвөн бүлэгт хамаарах 29 асуудлын талаар Хүний эрхийн үндэсний комиссоос санал хүргүүлжээ. Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Г.Нарантуяа, Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар нар Шадар сайдад өнгөрсөн тавдугаар сард хүргүүлсэн  дээрх зөвлөмж, шаардлагын талаар мэдээлэл хийсэн юм. Гамшгаас авран хамгаалах ажиллагаанд оролцдог алба хаагчдын эрхийг хамгаалахын тулд ямар арга хэмжээ авах, алдаагаа давтахгүй байхад анхаарах гэнэ. Мөн гамшгийн хариу арга хэмжээ авахтай холбоотой мэдээллийг бүрэн гүйцэд авах боломжгүй буюу хөгжлийн бэрхшээлтэй, гадаад улсын иргэдийг нэн түрүүнд хамгаалах ёстойг Комиссоос анхааруулав.

Гал түймэр унтраах, аврах ангиудын хүний нөөцийн дутагдлыг арилгах, техник, тоног төхөөрөмжөөр бүрэн хангаж өгөхийг тэд эрх бүхий байгууллагаас нь шаардсан байна. Алба хаагчдад өгч буй унааны мөнгийг хүрэлцэхүйц хэмжээнд нэмэгдүүлэх, ариун цэврийн хэрэгсэл, хувцас хэрэглэлийг хангалттай хэмжээгээр тогтмол заасан хугацаанд тарааж байх шаардлагатай гэсэн саналыг ч хүргүүлжээ.

Хүний эрхийн үндэсний комиссын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар

Мөн агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлэн, сайжруулсан шахмал түлшний чанарыг сайжруулах, ард иргэд хэрэглэх үедээ сонор сэрэмжтэй байхад онцгой анхаарах шаардлагатай байгааг тус комиссоос мэдээллээ.

Н.МЯГМАРДОРЖ