Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас хойшлуулашгүй тохиолдол үүссэн гэж Ноорог хуудсын албан оффист нэгжлэг хийж, компьютер, хард тоног төхөөрөмж болон ажилтнуудын гар утсыг хураан авсан. Өмгөөлөгчгүй мэдүүлэг өгөхөөс татгалзсан 8 ажилтныг шөнийн 22:00 цагаас 07:00 цаг хүртэл саатуулаад байгаа юм. Үүнтэй холбоотойгоор тус медиагийн үүсгэн байгуулагчдын нэг, захирал О.Уламсайхан мэдээлэл өглөө. Тэрбээр “ "Эрүүгийн хуулийн 19.9.1 буюу Үндэсний эв нэгдлийг бусниулсан гэсэн шалтгаанаар шалгаж байна гэж мэдээлсэн. Биднийг өмгөөлөгчтэй маань уулзуулах боломж олгоогүй. Бид өмнө нь арванхоёрдугаар сарын 31-ний өдөр мөн Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газарт ирж байсан. Гомдол гаргагч нь чатаар Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст хандаж, бидний хийдэг бичлэгээс болж хүн амиа хорлох гээд байна гэж мэдүүлсэн байгаа юм. MCS-тэй хамтардаг гэсэн мэдээлэл гарсан байна. Бид тэдэнтэй хамтарч ажиллаж байсан. Монголд MCS, АПУ-ийн дүрсийг авч байгаагүй газар гэж байхгүй байх. Ингэж л маркетинг хийдэг.
"Ноорог" бол шинэ, залуу баг. Бидэнд сонгууль маш чухал үйл явдал байсан. Бид сурталчилгааны хугацаанд аль нэг нэр дэвшигч эсвэл намыг биш, энгийн зургаан хүнийг дагаж ажилласан. Ингэхдээ бид киногоороо тухайн тойрогт ухуулагч нар яаж ажиллаж байна, сонгогчдын боловсрол ямар байна гэдгийг л харуулах гэж зорьсон. Бид киногоо бүтээхдээ 80 орчим сая төгрөг гаргасан. Үүний 30 гаруй сая нь олон нийтийн хандиваас боссон.
Манай оффисоос хураасан эд зүйлсийн жагсаалтыг бидэнд өгөөгүй. Гар утас, хувийн эд зүйлсийг хурааж авсан. Зарим хүмүүсээс кодыг нь асууж байгаад, хувийн мэдээллийг нь харсан. Хоорондоо юм ярихыг хориглосон.
Тролл багийн логикийг ойлгохгүй байна. Манайхаас илүү өндөр санхүүжилттэй редакцууд энд байна. Тролл баг ажиллуулна гэдэг ямар том бүтэц шаардагдахыг сайн мэдэж байгаа байх. Манайх шиг цөөхөн хүнтэй газар ажиллуулах боломжгүй гэв.
Процессын хэд хэдэн зөрчил гарсныг өмгөөлөгчид хэлж байна. Энэ үеэр хуульч П.Эрхэмбаяр “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх процессын хүрээнд үйл ажиллагаа явуулах ёстой. Гэтэл “Ноорог”-ийн залуусыг PC-ний газар тоглоод сууж байхад нь баривчилсан. Гэрчээр мэдүүлэг авах байтал шууд сэжигтнээр мэдүүлэг авлаа. Өрнөж байгаа процессыг харвал цаашид хүний эрхийг хязгаарлаж болзошгүй тал руу явах нь тодорхой боллоо. Эрүүгийн хуулиар Худал мэдээлэл тараах гомдол мэдээлэлтэй холбоотойгоор мэдүүлэг авна гэснээ шууд сэжигтнээр мэдүүлэг авлаа. Эрх зөрчигдөөд байгаа биш зөрчигдчихсөн байна. Хувийн бүх эд зүйлсийг нь хураагаад авчихсан. Эхлээд баривчилж эд хөрөнгийг нь хураачихаад дараа нь прокуророос зөвшөөрөл хүсдэг байдал руу орчихлоо” гэв
