Иргэд энэ сарын эхний өдрөөс /2025.01.01/ нийтийн тээврээр 1000 төгрөг төлж зорчино гэдгийг албаныхан мэдээлсэн. Тэгвэл автобусанд хэрэглэж буй карт уншуулах төхөөрөмжийн систем хөгжүүлэлтийн ажил хараахан дуусаагүй байгаа учраас түр хугацаагаар хойшилсон гэдгийг Нийтийн тээврийн бодлогын газрын хэвлэлийн төлөөлөгч мэдээллээ. Иймд өнөөдрийн /2025.01.02/ байдлаар  зорчигчид 500 төгрөгөөр зорчиж байна.

Энэхүү ажлыг хэрэгжүүлснээр зорчигчид 1000 төгрөг төлж, өдөртөө дөрвөн удаа үнэгүй зорчих юм. Харин дөрвөөс дээш удаа зорчих бол дахин 1000 төгрөг нэмж төлөх бөгөөд хугацаа хамаарахгүй. Үнэгүй зорчдог байсан оюутнууд ч 1000 төгрөг төлж зорчино. Оюутнуудыг хөнгөлөлттэй зорчуулах тухай зохицуулалтыг Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулах үеэр хүчингүй болгосон бөгөөд энэ оны эхний өдрөөс мөрдөх зохицуулалттай.

Тэгвэл Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээлснээр ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд харьяалал харгалзахгүй автобусаар үнэгүй зорчдог байсан нь хэвээр үргэлжлэх нь. Мөн хүүхдүүд 200 төгрөгөөр зорчино гэв.