Б.Билгүүн

Нэг үе айл болгоны хашаанд тагтаа нисдэг байлаа. Тухайн үед Оросоос оруулж ирсэн цагаан мухар болон почта тагтаанууд элбэг байсан гэдэг. Одоо ч мөн адил Орос болон Хятад улсаас тагтаа оруулж ирж цус сэлбэдэг, шинэ үүлдэр оруулж ирж үржүүлэгчид ч байдаг. Тэгвэл тагтаа сонирхогчдын дийлэнх нь тэжээвэр болон гандангийн тагтаа ямар  ялгаатай вэ гэдэг эргэлзээ бий.

ТАГТАА ЦЭЭЖНИЙ ХҮҮДИЙНДЭЭ УУРАГ ХУРААЖ АНГААХАЙГАА ХООЛЛОДОГ

Тэжээвэр тагтаа дотроо уралдаанч, гоёлын, махны гэх зэргээр олон төрөлтэй. Харин гоёлын тагтааны 100 гаруй төрөл бий. Харин Монголд уралдаанч болон гоёлын тагтааны 10 гаруй төрөл хурдацтайгаар хөгжиж байна.

Тагтаа 20 орчим насалдаг бөгөөд үржил талаасаа тагтаа хоорондоо ижилсэж амьдрах явцдаа нэгнээсээ салдаггүй. Эр тагтаа үүрээ засаж эм тагтаа нэг удаадаа хоёр өндөг гаргаж 18-19 хоногийн турш өдөр шөнөөр ээлжлэн өдөөрөө бүрхэн биенээсээ дулаан ялгаруулж дарна. Эр тагтаа ихэвчлэн өдрийн цагаар үүрээ хамгаалж өндөгөө дардаг бол эм нь өндөг дарах явцдаа цээжний хүүдийндээ уураг хурааж түүгээрээ нялх ангаахайгаа 5-7 хоног хооллоно. Түүнээс хойш эр эм тагтаа будаа үр тэжээлээр бөөлжин 20-25 хоног хооллосноор ангаахай бүрэн биеэ даах чадамжтай болно. Тэжээвэр тагтааны хоол тэжээлийн хувьд ихэвчлэн улаан будаа ургамлын олон төрлийн үрийг иднэ. Нэмэлтээр кальцитай улаан шороо болон нүд, өд, яс, ходоодны үйл ажиллагаа бие бялдарын хөгжилд зориулсан витамин өгдөг.

ТАВАН ТЭРБУМЫН ҮНЭТЭЙ УРАЛДААНЧ ТАГТАА

Дэлхийд хурдацтай хөгжиж байгаа төрөл бол уралдаанч тагтаа юм. Уралдаанч тагтаа нь  зэрлэг тагтаатай төстэй харагддаг ч бие болон нүд хошуугаараа ялгаатай, холын зайд уралдах чадвартай. Олон улсын уралдаанууд далай дамнах тохиолдлууд ч байдаг бөгөөд тэмцээнд түрүүлсэн тагтаа асар их үнэд хүрдэг. Уралдаанч тагтаа 1.6 сая евро буюу 5-6 тэрбум төгрөгөөр Бельги улсаас Хятад руу зарагдсан нь олон улсад шуугиулаад амжсан. Тиймдээ ч Хятад, Бельги улс дэлхийд  уралдаанч тагтааны хөгжлөөрөө тэргүүлдэг. Үржлийн эр тагтааны хувьд нэг охин тагтаатай 7-10 хоног хосолж өндөглүүлээд дараачийн шувуутай ижилсэнэ. Уралдахаас 10 хоногийн  өмнө тагтаанд бие хөнгөлөх үр тэжээл өгдөг.Улмаар холын зайг туулах чадамж сайжирдаг. Монголын хувьд өнгийн, нэг үүрний, холын, ойрын зэргээр уралдаанууд зохиогддог.

Монголын хувьд тагтааны борлуулалтын зах зээл хурдацтай хөгжиж байна.Тэр хэрээр тагтаа сонирхогчдын тоо эрс өсөж тагтааны нэг ангаахай 100 мянгаас таван сая төгрөгт хүрч байна. Харин гоёлын тагтаа ойролцоогоор гурван сая төгрөгөөр зарагдаж буй юм.