Майдар эргэх ёслол болно Намрын адаг сарын шинийн 7-нд буюу маргааш Майдар эргэх ёслол Гандантэгчэнлин хийдээс зохион байгуулна. Майдар гэдэг нь эртний Энэтхэгийн санскрит хэлний “мадри” буюу асрах, хайрлан энэрэх гэсэн утгатай. Утгын хувьд асрах хайрлах сэтгэл буюу зөвхөн өөртөө хайртай байх бус өөрөөсөө илүүтэй бусдыг асран халамжилж, зовж зүдэрсэн хүнд туслах улмаар эх болсон зургаан зүйл, хамаг амьтныг амгалан жаргалантай байлгах өндөр их хариуцлагын нэр ажээ. Их майдар бурхан нь бусдыг хайрлан энэрэх үлэмж зорилго, сэтгэл өвөрлөсөн дээд төрөлхтөн буюу ялгуусан бурхад, их бодисадва нарын нэг билээ.