Олон улсын Улаан загалмай хорооны Зүүн Азийн бүсийн Төлөөлөгчийн газрын Хууль, эрх зүйн газрын дарга Марва Шаббарыг Монголд түр ирээд байхад нь уулзаж ярилцлаа.
-“Улаан загалмай” хүмүүнлэгийн тэмдгийг зориулалтын бусаар ашиглах тохиолдол манай улсад түгээмэл байна. Олон улсын эрх зүйгээр хэрхэн зохицуулдаг вэ?
-Улаан загалмай, Улаан хавирган сар, Улаан талст тэмдгүүд нь зэвсэгт мөргөлдөөний үед цэргийн эмнэлгийн бие бүрэлдэхүүн, хүмүүнлэгийн ажилчдад хамгаалалт олгодог. Мөн тэмдгүүдийг энх тайван цагт Улаан загалмай, Улаан хавирган сар Үндэсний нийгэмлэгүүд өөрсдийгөө таниулах зорилгоор ашиглаж болно. Женевийн конвенцууд болон тэдгээрийн нэмэлт протоколууд нь тэмдгийн хэрэглээг зохицуулдаг. Бэлгэ тэмдгийг зөвхөн зөвшөөрөгдсөн хүмүүс ашиглах бөгөөд хууран мэхлэх зорилгоор ашиглах нь дайны гэмт хэрэг гэж тооцогдоно. Тийм учраас нь зэвсэгт мөргөлдөөний үед хамгаалалтын бэлгэ тэмдгийг хэн ашиглах эрхтэйг ойлгох нь нэн чухал юм. Хуулийн дагуу цэргийн эмнэлгийн үйлчилгээ, зарим хүмүүнлэгийн ажилчид болон Олон улсын Улаан загалмай хороо (ICRC), Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн Холбоо (IFRC) нь тэмдгийг ашиглах эрхтэй. Харин энх тайван үед Үндэсний нийгэмлэгүүд бэлгэ тэмдгийг таниулах зорилгоор хэрэглэдэг. Хэрэв дайны үед таниулах зорилгоор бэлгэ тэмдгийг ашиглаж байгаа бол хамгаалах зорилгоор ашиглаагүй гэдэг нь маш тодорхой байх ёстой. Энэ нь тухайн бэлгэ тэмдгийн хэмжээ нь харьцангуй жижиг байх ёстой гэсэн үг юм. Ерөнхийдөө лого хэлбэрээр ашиглаж байна гэж ойлгож болно.
-Хэмжээг нарийвчлан заасан гэсэн үг үү. Илэрхийллийн хувьд хэрхэн ойлгох вэ?
-Женевийн Конвенцод бэлгэ тэмдгийг ашиглаж буй тохиолдолд ямар хэмжээ, зорилготой ашиглахыг нарийвчлан заасан байдаг. Мөн бэлгэ тэмдгүүд нь аливаа шашин эсвэл аль нэг соёлыг илэрхийлдэггүй гэж хэлэх нь зүйтэй байх. Гурван бэлгэ тэмдэг маань төвийг сахисан бөгөөд зэвсэгт мөргөлдөөний үед ашиглагдаж буй тохиолдолд хамгаалагдах шаардлагатай. Тийм учраас бэлгэ тэмдгүүдийг аль нэг шашин, соёл, эсвэл улс, оронтой холбох нь зүй бус юм. Бидний санаа зовниж буй асуудал бол энх тайван болон дайны үед бэлгэ тэмдгийг буруугаар ашиглаж буй тохиолдлууд юм.
Заримдаа эмнэлэг, эмийн сангууд өөрсдийгөө эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг гэж таниулахын тулд улаан загалмай ашиглаж буйг анзаарсан байх. Энэ нь бэлгэ тэмдгийн буруу хэрэглээний тодорхой жишээ юм. Олон улсын хүмүүнлэгийн эрх зүй нь бэлгэ тэмдгийн буруу хэрэглээг зогсоохыг улс орнуудад үүрэг болгодог.
Энэ үүрэг нь тухайн улсаас бэлгэ тэмдгийн хэрэглээг зохицуулж, буруу хэрэглээг шийтгэх тухай хууль тогтоомж батална гэсэн үг юм. Бэлгэ тэмдгийн асуудлыг Тухайн хууль нь үр дүнтэй хэрэгжихийн тулд хэн ашиглаж болох, ямар төрийн байгууллага бэлгэ тэмдэг ашиглах зөвшөөрөл олгох эрхтэй байх, дайны болон энх тайван үед бэлгэ тэмдгийг буруугаар ашигласан хүмүүст шийтгэл ногдуулах тухай заалтуудтай байх шаардлагатай.
-Улс орнуудын авч буй арга хэмжээ өөр өөр байх. Тухайлбал, Монголын хувьд хууль эрх зүйн орчноо хэрхэн тодорхой болгож өгөх хэрэгтэй вэ?
-Бид улс орнуудад бэлгэ тэмдгийн зохистой хэрэглээг сурталчлах, буруу хэрэглээг зогсоох, зэвсэгт мөргөлдөөний үед хамгаалах бэлгэ тэмдгийн хэрэглээг дэмжиж, хүмүүст хамгаалах, таниулах хэрэглээний ялгааг таниулах үйл ажиллагаандаа Үндэсний нийгэмлэгтэй хамтран ажиллахыг зөвлөдөг. Мөн бэлгэ тэмдгийн буруу хэрэглээг зогсоосон амжилттай жишээнүүдээс харахад тухайн улсын парламентаас бэлгэ тэмдгийн хэрэглээг нарийвчлан зохицуулсан хуулиудыг баталсан байдаг. Ийм хууль тогтоомжид бэлгэ тэмдгийг хууль бусаар ашигласан тохиолдолд шийтгэл ногдуулах болон хувийн эмийн сан, эмнэлгүүд ашиглахыг хориглосон заалтууд байх хэрэгтэй. Энх тайван үед бэлгэ тэмдгийн зөв хэрэглээг хуульчлах нь зэвсэгт мөргөлдөөний үед бэлгэ тэмдгийг давхар хамгаалах сайн үр дагавартай юм. Олон улсын Улаан загалмайн хороо нь улс орнуудад туслалцаа болохын тулд бэлгэ тэмдгийн зохистой хэрэглээг зохицуулах тухай загвар хуулийг бэлтгэсэн. Бидний харж буйгаар бэлгэ тэмдгийн буруу хэрэглээг илрүүлж, шийтгэл ногдуулах эрх бүхий байгууллага байхгүй бол тухайн улсад гарч буй буруу хэрэглээг зогсооход хүндрэлтэй байдаг.
Иймд улс орнууд нь бэлгэ тэмдгийн зохистой хэрэглээг сурталчлахаас гадна буруу ашигласан тохиолдлуудыг олж илрүүлж, тухайн асуудлыг шийдэхдээ Үндэсний нийгэмлэгтэй хамтран ажиллах хэрэгтэй.