Америкийн Калифорни мужийн өмнөд хэсэгт дэгдсэн хээрийн түймэр иргэдийн байр сууц, хувийн тансаг хорооллууд руу тархаж, нийт зургаан тусдаа түймэр болон газар авснаар Лос-Анжелес хотын түүхэнд байгаагүй хамгийн том, хамгийн өргөн нутаг дэвсгэр эзэлсэн, хамгийн их хохирол учруулах түймэр боллоо гэгдэж байна. Ердөө өчигдөрхөн түймэр дэгдсэн бүс нутгаас 37 мянган хүнийг нүүлгэн шилжүүлнэ гэж байсан бол энэ тоо өнөөдөр 140 мянгад хүрчээ.
Түймэрт одоогоор таван хүн амь үрэгдсэн нь батлагдаад байна. Энэхүү байгалийн гамшгаас болж Ерөнхийлөгч Жо Байден бүрэн эрхийн хугацааныхаа хилийн чанад дахь хамгийн сүүлчийн айлчлал болох байсан Италид хийх дөрөв хоногийн албан айлчлалаа цуцалжээ.
Лос-Анжелесийн тойргийн Палисадесийн тойрогт анх түймэр дэгдсэн бөгөөд одоогоор Итон, Хюрст, Вүүдли, Оливас гэсэн тойргуудад гал газар аваад байна. Харин хамгийн сүүлд Холливүүд Хиллс тойрогт түймэр газар авснаар жил жилийн Оскарын шагнал гардуулах ёслол болдог Долби театр, Холливүүдийн гадаах дугуй театр, Алдартнуудын алдрын гудам зэрэг алдартай газрууд түймрийн утаанд хучигдаж, зарим хэсэг нь хүмүүсийг яаралтай нүүлгэн шилжүүлэх хэрэгтэй гэсэн онцгой бүсэд багтжээ.
Одоогоор 80 мянган хүн орон гэрээ орхин зугтаад байгаагийн дунд Холливүүдийн алдартнууд ч олон байна. Тухайлбал Адам Броди, Анна Фэрис, Парис Хилтон, Билли Кристал, Женнифер Грей, Кэйт Бекинсэйл нарын одод хэдэн сая ам.долларын сууц, хувийн эдлэнгүүдээ галд алджээ.