Ливан дахь “Хезболла” бүлэглэлийн түшиц газруудыг бөмбөгдөж эхэлсэн Израилийн агаарын дайралтад одоогоор 500 гаруй хүн амь үрэгдээд байна. Энэ нь Ливаны сүүлийн 20 жилийн түүхэн дэх хамгийн олон хүн амиа алдсан, хамгийн олон хүний цус урссан өдөр байлаа. Израилийн арми хэдийгээр зөвхөн “Хезболла”-гийн мэдлийн 1300 орчим газрыг байгаа болгосон, энгийн иргэдийг даруй зугтахыг олонтоо анхааруулсан гэсэн ч амиа алдсан хүмүүсийн дийлэнх нь энгийн иргэд байна. Хэдэн мянган өрх айл орон гэрээсээ дайжиж, голдуу нутгийн хойд хэсэг рүү зугтжээ. Харин хариу цохилт болгож, “Хезболла” бүлэглэл хойд Израилийн нутаг руу 200 гаруй пуужин харвасан байна. Пуужингийн халдлагад хоёр хүн өртөж, хүнд шархаджээ.

Олон улс сөргөлдөгч талуудыг бүс нутгийг хамарсан бүрэн хэмжээний дайн дэгдэхээс сэргийлж, харилцан халдлагаа зогсоохыг анхааруулсаар байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутеррешийн сануулснаар Ливаныг “өөр нэг Газын зурвас болгож болохгүй” юм.

Изриаль-Газын зөрчлөөс болж Изриаль, Ливаны хилийн бүс нутаг хямралтай болоод жил орчмын нүүр үзэж байна. Израиль тэргүүтэй олон улс “Хезболла”-г алан хядах бүлэглэл гэж үздэг бөгөөд өнгөрсөн аравдугаар сард эхэлсэн “Хамас”-ын гэнэтийн халдлага, түүнээс хойших хэд хэдэн алан хядах ажиллагаа, энгийн иргэдийг барьцаалсан хэрэг зэрэгт “Хезболла” “Хамас”-т тусалж ирсэн юм. Харин “Хезболла” бүлэглэл Газын зурваст явуулж байгаа Изриалийн цэргийн ажиллагаа зогсох хүртэл “Хамас”-ыг дэмжсээр байхаа илэрхийлсэн. Тус хоёр бүлэглэлийг хоёуланг нь Иран улс санхүүжүүлдэг юм.