Ливанд пейжер, жижиг радио зэрэг харилцааны төхөөрөмжүүд дэлбэрч хэдэн мянган хүн бэртэж гэмтээд байна. Эхний өдөр “Хезболла” бүлэглэлийн гишүүдийн пейжерүүд дэлбэрч, 12 хүн амь үрэгдэж, 2800 гаруй хүн шархадсан. Амь үрэгдэгсдийн дунд найман настай охин, 11 настай хүү байгаа юм. Цуврал дэлбэрэлтүүд нийслэл Бейрутаас гадна нутгийн өмнөд болон зүүн хэсэгт болжээ. Харин дараа өдөр нь мөн “Хезболла”-гийн гишүүдийн жижиг радио станцууд дэлбэрч, 20 гаруй хүн алагдаж, 450 гаруй хүн бэртсэн байна. Гэмтэж бэртсэн, шархадсан хүмүүсийн бараг 60 хувь нь өрөөсөн нүд юм уу, нэг гаргүй болжээ.

“Хезболла” бүлэглэл энэ бүх дэлбэрэлтэд Израилийг буруутгаж байгаа аж. Харин Израилийн зүгээс одоогоор ямар нэг мэдэгдэл хийгээгүй байна. Өнгөрсөн оны сүүлээр эхэлсэн Израиль-Хамасын дайнаас болж Ливаны хил орчим мөн хямрал, зөрчилтэй болоод удаж байгаа юм. “Ройтерс” агентлагийн мэдээлснээр дээрх бүх пейжер, тоон холбооны жижиг радио станцуудыг “Хезболла”-гийн гишүүд ойролцоогоор таван сарын өмнө худалдаж авчээ.