Америкийн эх газрыг 1492 онд Европ дахинд нээж өгч, дэлхийн түүхийг орвонгоор нь өөрчилсөн Кристофер Колумбыг Италийн Генуя (Женоа) хотын уугуул гэх ойлголт түгээмэл байдаг ч Испанийн Гранадагийн их сургуулийн эрдэмтэд бараг 20 жил хийсэн ДНК-ийн судалгааныхаа дүнд түүнийг еврей гаралтай испани хүн байсан гэж үзсэн байна. Колумб Генуя хотын биш, Валенсия хотын уугуул байсан байх магадлал ч өндөр гэнэ. Тухайн үед Испанид 300 мянга гаруй иүдийн шашинтан аж төрж байсан агаад исламын шашинтнуудын хамт католик номтон болох дарамт шахалтад байнга өртдөг байжээ. Колумбын гэр бүл ч ялгаагүй шашны элдэв хяхалт хавчилтаас сэргийлж, еврей гаралтайгаа нуун, католик шашинтан болсон гэсэн таамгийг дээрх эрдэмтэд дэвшүүлсэн байна.

Ази хүрэх дөт зам олохоор Европын эргээс баруун тийш замд гарсан Колумб Энэтхэгийн эрэгт хөл тавихын оронд одоогийн Карибын арлуудад хүрсэн билээ. Түүний нээлт Европ дахиныг асар том эзэмшил газартай, бэл чинээтэй колоничлогчид болгосон бол Америкийн эх газрын уугуул хэдэн зуун сая хүнийг үхэл, хагацал, боолчлол, өвчин эмгэг, үгээгүй ядуурал руу түлхсэн юм.

Кристофер Колумбыг чухам хэн байсан, яг хаанаас гаралтай талаар өнөөг хүртэл өчнөөн маргаан дэгдэж иржээ. Зарим судлаачийн тооцоогоор түүний төрсөн байх магадлалтай гэх улс орны тоо 25-д хүрээд байгаа аж. Колумб 1506 онд Испанийн Вальядолид хотод амьсгал хураасан ч өөрийг нь Карибын Эспаньола аралд нутаглуулахыг гэрээслэсэн байдаг. Шарилыг нь 1542 онд гэрээс ёсоор нь Эспаньолад аваачсан ч хэдэн зуун жилийн дараа буюу 1793 онд эхлээд Куба руу, хожмоо 1898 онд Испанийн Севилья хот руу нүүлгэн шилжүүлжээ. Дээрх эрдэмтэд Колумбын бунхнаас гадна хүү Хернандо, дүү Диегогийнх нь шарилаас давхар дээж авч, хэд дахин удтал шинжилж судалсны дүнд дээрх таамаглалд хүрсэн байна.