Өнгөрсөн аравдугаар сарын 7-нд эхэлсэн “Хамас”-ын алан хядах ажиллагааны хариу цохилт болгож Израилийн явуулж байгаа агаарын халдлагад одоогоор амь үрэгдсэн нь баттай 34 мянга 344 палестин хүний нэрийг Газын зурвасын Эрүүл мэндийн яамнаас гаргажээ. Нийт 649 хуудас уг баримтад зэвсэгт зөрчил эхэлснээс хойш мэндэлсэн 169 нярайн нэр мөн багтсан байна. Харин амь үрэгдэгсдийн хамгийн ахмад нь бүтэн зууны дайн дажин, аллага, хядлагын ард гарсан ч энэ удаагийн зөрчлөөр амиа алдсан 1922 онд мэндэлсэн настан байгаа бол эдгээр хүнээс гадна хэн болох нь тодорхойгүй 7613 хүний цогцос одоо ч эмнэлэг, моргт байгаа аж. Жагсаалтын 100 гаруй хуудсанд 10-аас доош насны хүүхдүүдийн нэрс бичигдсэн бол 215 дугаар нүүрнээс нь л насанд хүрэгчдийн нэрс бичигдэж эхэлжээ.
Израилийн албаныхан “Хамас” бүлэглэл Газын зурвасыг мэдэлдээ авсан тул уг мэдээллийг баталгаатай гэж үзэхгүй гэсэн байна. Гэхдээ Газын албаныхны гаргасан өмнөх зөрчил, халдлагуудын баримт сэлт үнэн зөв байсныг НҮБ тэргүүтэй олон улсын байгууллагууд хожмоо баталсаар ирснээс дүгнэхэд дээрх тооцоонд эргэлзэх үндэс үгүй юм. Хэдийгээр амь үрэгдэгсдийг энгийн иргэн, цэрэг гэж ангилж ялгаагүй ч дийлэнх нь энгийн иргэд болох нь баттай байна. Жагсаалтад 11 мянга 355 хүүхэд, 60-аас дээш насны 2955 ахмад настан, 6297 эмэгтэйн нэр бичигджээ. Харин нэрс нь тодорхойгүй болон сураггүй болсон хүмүүс, мөн гадаадын иргэд, сэтгүүлчид, Израилийн энгийн иргэд, өнөөг хүртэл “Хамас”-ын барьцаанд байгаа болон барьцаанд амиа алдсан гэгдэж байгаа хүмүүсийг оролцуулбал энэ удаагийн Израиль-Хамасын дайнд энэ сарын 8-ны байдлаар тооцоход нийт 42 мянга гаруй хүн амь үрэгдээд байна. Эдний 1500 орчим нь Израилийн иргэд байгаа юм.