Израилийн Газын зурвас болон Ливаны нийслэл рүү агаараас халдах нь улам нэмэгдэж, тус улсыг хуурай газраар эзэлнэ гэсэн мэдээлэл цацагдахтай хамт “Хезболла”, “Хамас” бүлэглэлийн арыг бат дааж ирсэн Иран улс хариу цохилт болгож, Израилийн газар нутаг руу пуужин харваж эхэллээ. Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Ираны Зэвсэгт хүчнийг “Том алдаа хийлээ” хэмээгээд “Ираны ард түмнийг бид тун удахгүй дарангуй засгаас чөлөөлнө, эрх чөлөөтэй болгоно” гэсэн бол Ираны тал Нетаньяхуг “орчин цагийн Гитлер” хэмээн цолложээ. Ираны Зэвсэгт хүчин Израилийн дэд бүтцийг бүхлээр нь устгахаар өргөн хүрээний дайралт явуулж ч магадгүй гэж мэдэгдээд байна.

Харин “Хезболла” бүлэглэл Израилийн хуурай газрын довтлогооныг хүчлэн зогсоох, торгоон барих бүрэн чадамжтай хэвээр байгаа гэдгээ мэдэгдээд Израильд туслалцаа дэмжлэг үзүүлж ирсэн холбоотнууд нь ч ялгаагүй удахгүй “хариугаа амсана” гэсэн байна.

Иемен дэх исламын хэт үзэлт “Хути” бүлэглэл мөн сүүлийн хэдэн өдөр Израилийн агаарын халдлагад өртөөд байгаа. Тус бүлэглэл хариу үйлдэл болгож, Улаан тэнгисийн эрэгт зогсоо газрын тосны хоёр ч хөлөг онгоц руу халджээ.  Азаар хөлгийн гишүүд бэртэж гэмтээгүй байна. Хутичүүдийг Израиль болон барууны орнууд “Хезболла”, “Хамас”-ын хамсаатан, онц ноцтой алан хядах бүлэглэл гэж үздэг юм.

Ираны талаас Израиль руу 180 гаруй баллистик пуужин харвасан гэх ч чухам ямар хохирол учруулсан нь одоогоор тодорхой бус байна. Гэхдээ Баруун эрэгт гурван хүн амь үрэгдэж, Рамаллад хэд хэдэн хүн шархадсан гэсэн албан бус мэдээ байгаа юм. Сөргөлдөгч талуудын харилцан харвасан хэдэн зуун пуужингийн зарим нь мөн Иордан улсын нутагт унаж, гурван хүн хүнд шархадсан байна. Ираны халдлага эхлэхийн өмнөхөн Изриалийн Жаффа хотод буу, хутгаар зэвсэглэсэн хоёр этгээд энгийн иргэд рүү дайрч, зургаан хүний аминд хүрэн, 10 гаруй хүнийг хүнд гэмтээжээ.

Энэ удаагийн Ойрх Дорнодын хямрал ганц бүс нутгийн төдийгүй Баруун Азийн олон улсыг хамарсан өргөн хэмжээний дайн болон хурцдах төлөвтэй байгаа тул олон улс тус бүс нутгаас иргэдээ татаж, зарим нь болзошгүй аюулаас сэргийлэн, зэвсэгт мөргөлдөөнд татагдаж магадгүй улс орнууд руу зорчихгүй байхыг анхааруулсаар байна.