Хойд Солонгосын цэргийн инженерүүд болон жирийн цэргүүд Украины нутагт ОХУ-ын Зэвсэгт хүчнийхэнтэй мөр зэрэгцэн тулалдаж байгаа, хэд хэдэн албан хаагч нь амь үрэгдсэн байх магадлалтай гэх мэдээллийг Киев болон Сөүлийн албаныхан цацжээ. Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уныг өнгөрсөн жил ОХУ-д айлчлах үеэр талууд зэвсгийн нууц гэрээ байгуулсан гэж ажиглагчид үзэж буй. Харин дээрх мэдээлэл үнэн бол талуудын зэвсэгт хүчний салбар дахь хамтын ажиллагаа ганц зэр зэвсгийн наймаагаар хязгаарлагдахгүй болсон нь батлагдах юм.

Өнгөрсөн долоо хоногт Донецкийн бүс нутагт Украины талаас пуужин харвах үеэр амь үрэгдсэн Оросын армийн алба хаагчдын дунд Хойд Солонгосын хэд хэдэн цэрэг байсан гэх албан бус мэдээ байгаа аж. Хэдийгээр Орос, Украины аль алиных нь талд гадаадын сайн дурынхан байлдаж байгаа авч Хойд Солонгосын цэргүүд Оросын талд дайтаж байгаа нь хэрэв үнэн бол энэ нь гадаадын аль нэг орон албан ёсоор Украин руу цэрэг илгээсэн анхны тохиолдол болох юм.

Ажиглагчдын таамаглаж байгаагаар Украинд тулалдах нь Хойд Солонгосын Зэвсэгт хүчинд зэр зэвсгээ турших, жинхэнэ фронт дээр туршлага хуримтлуулах боломж олгож байна. Мөн КN-23 пуужингаа өнгөрсөн долдугаар сараас Оросын армид нийлүүлж эхэлсэн гэсэн мэдээ байгаа юм. Харин Кремлийн албаныхан Украины нутагт Хойд Солонгосын цэрэг татагдсан гэх мэдээг “хуурамч мэдээлэл” гэжээ.