“Хезболла” бүлэглэлийн цэргийн гол командлагчдын нэг Ибрахим Акил Ливаны нийслэл Бейрут хотын дээрээс Израилийн агаарын хүчний үйлдсэн хэд хэдэн халдлагын нэгэнд өртөж амиа алджээ. Энэ явдал Израиль-Газын хямрал бүс нутагтаа хальж, олон улсыг хамарсан дайн болон өргөжих вий гэсэн айдас төрүүлж байна. Ливаны албаныхны мэдээлснээр Израилийн агаарын цохилтод багаар бодоход 14 хүн амь үрэгдэж, хэдэн зуун хүн шархадсаны дийлэнх нь Бейрутын хамгийн олон хүн оршин суудаг Дахиэ дүүргийн иргэд байгаа аж. Хотын өмнөд хэсэг “Хезболла”-гийн гол түшиц газрын нэг гэгддэг байна. Уг бүлэглэлийг барууны орнууд алан хядах бүлэглэл гэж үздэг бөгөөд ард нь Иран улс гол санхүүжүүлэгч, дэмжигч нь болон бат зогсдог юм. Өнгөрсөн долдугаар сард Бейрутад явуулсан Израилийн өөр нэг агаарын дайралтаар “Хезболла”-гийн мөн гол командлагчийн нэг Фуад Шукр амь үрэгдсэн байна.

Ливанд хоёр өдөр дараалан пейжер, тоон холбооны радио станцууд дэлбэрч 30 гаруй хүн амь үрэгдэн, мянга мянган хүн бэртэж гэмтэн, шархадсан. Уг явдлыг олон улс Израилийн зохион байгуулалттай явуулга, “Хезболла”-гийн гишүүдийг онилсон, “Хамас”-ын хүчийг бууруулах гэсэн үйлдэл гэж үзэж байгаа ч Израилийн талаас одоогоор Ливанд болсон дэлбэрэлтүүдтэй холбоотойгоор ямар нэг мэдэгдэл хийгээгүй байна.