Энэ сарын 20-нд Нэгдсэн Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх Дональд Трамп өнгөрсөн арваннэгдүгээр сард сонгуульд ялснаасаа хойш Панамын суваг, Гринландыг эзэмших нь Америкийн эдийн засгийн аюулгүй байдалд онцгой чухал, мөн Канадыг Америктай нэгтгэснээр Умард Америкийн нэгдмэл нэг хүчирхэг улс байгуулагдана, америкчууд Канадаас өндөр үнээр түүхий эд худалдаж авахаа болино гэх зэргээр удаа дараа санаа бодлоо илэрхийлсээр байгаа билээ. Харин Флорида муж дахь Мар-а-Лагогийн эдлэн газартаа өчигдөрхөн зарласан хэвлэлийн бага хурлынхаа үеэр тэрээр эдгээр санаагаа хэрэгжүүлэхийн тулд цэргийн хүч хэрэглэх магадлалыг огт үгүйсгэсэнгүйгээр барахгүй “Шаардлагатай гэвэл зохих арга хэмжээг авна” гэжээ.
Мөн Дани улсын эсрэг “маш өндөр” тариф тогтооно, тус улсын Гринландыг эзэмших эрхтэй үгүйг ахин нягтална гэж сүрдүүлсэн бол Панамын сувгийг эзэмшилдээ авсныхаа дараа Мексикийн булангийн нэрийг Америкийн булан болгон өөрчилнө гэсэн байна. Трампын энэ мэт мэдэгдлийн хариуд Панамын ч, Данийн ч эрх баригчид өөрсдийн мэдлийн нутаг дэвсгэрийг огт худалдахгүй, Гринландын нутаг зөвхөн гринландчуудын, Панамын суваг мөн зөвхөн Панамын ард түмний өмч гэдгийг хатуу анхааруулжээ.
Трамп Гринланд арлыг Орос, Хятадын нөлөөтэй тэмцэхэд цэргийн чухал түшиц газар болно гэж үздэг бол Панамын сувгийг Хятадын эдийн засгийн нөлөөлөл дор оруулахгүйн тулд америкчууд эрхэндээ авах ёстой гэж мэдэгдсээр байгаа юм. Харин Канадын тухайд Трамп цэрэг армийн гэхээсээ зөвхөн “эдийн засгийн хүч” ашиглана хэмээгээд хоёр улсын дундах хилийн шугамыг “хуурамч, хиймэл эд” гэсэн байна.
Дээрх хэвлэлийн бага хурал Конгрессоос Трампын сонгуулийн ялалтыг албан ёсоор хүлээн зөвшөөрсний ердөө маргааш нь болсноороо онцлог юм. Тэрээр хэвлэлийн хурлын эхэнд Дубайн хөрөнгө оруулалтаар Америкийн өнцөг булан бүрд дата төвүүд байгуулахаар зорьж байгаа, энэ нь хиймэл оюун ухааны салбар дахь америк компаниудын оролцоог нэмнэ гэсэн байна. Мөн 2023 оны аравдугаар сарын 7-нд Израилийн нутаг дэвсгэрт халдаж, хэдэн зуун хүнийг барьцаалсан “Хамас” бүлэглэлээс барьцааны хүмүүсийг суллахыг шаардан, хэрэв өөрийнх нь тангараг өргөх ёслолоос өмнө үлдсэн 100 орчим хүнийг барьцаанаас суллахгүй бол тус бүлэглэл “шангаа хүртэнэ” гэж анхааруулжээ.
Трамп халаагаа өгч байгаа Ерөнхийлөгч Жо Байденийг ч давхар шүүмжлэхээ мартсангүй. Тэрээр Америкийн эрэг орчимд газрын тос болон байгалийн хий олборлохыг хориглосон Байдений шийдвэрийг тангараг өргөсөн даруйдаа цуцлахаа мэдэгджээ. Түүнчлэн өөрийг нь энэ баасан гарагт яллахаар зэхэж байгаа Нью-Йоркийн шүүгчийг буруушаахын сацуу 2021 оны нэгдүгээр сарын 6-ны өдөр Капитол Хиллийн үймээн самуунд оролцсон хэргээр ял сонссон хүмүүсийг өршөөхөө ахин амласан байна.