Дорноговь аймгийн Хатанбулаг, Хөвсгөл зэрэг сумдад ямааны годрон өвчин гарч, хорио цээр тогтоогоод байна. Өнгөрсөн долоодугаар сарын 4-нд Дорноговь аймгийн Хатанбулаг суманд малын өвчин гарсан байж болзошгүй дуудлага тус сумын мал эмнэлгийн газарт ирсний дагуу шинжилгээ хийж, малын цусан суулга өвчин хэмээн оношилж, хязгаарлалтын дэглэм тогтоож, хариу арга хэмжээ авчээ. Үүнээс хойш хэд, хэдэн удаа сумын хэмжээнд арга хэмжээ авахаар ажилласан ч үр дүнд хүрээгүй тул есдүгээр сарын 28-нд УМЭЕГ-аас ажлын хэсэг очиж ажиллажээ. Улмаар аравдугаар сарын 10-ны өдрийн шинжилгээгээр ямааны гоц халдварт годрон өвчин болох нь батлагджээ. Хэдий энэ сарын 10-ны өдөр гоц халдварт годрон өвчин болох нь тогтоогдсон ч хорио цээрийг аравдугаар сарын 14-өөс эхлэн тогтоосон байна. Халдварт өвчинтэй холбоотойгоор өвчилсөн олон зуун ямааг устгах арга хэмжээ авч байгаа юм байна.
Энэ талаар Дорноговь аймгийн Мал эмнэлгийн газрын мэргэжилтэн О.Түмэн-Өлзийгөөс тодрууллаа.
-Годрон өвчин Дорноговь аймагт 90 жилийн дараа гарсан гэдэг нь үнэн үү?
-Тийм.
-Ийм урт хугацааны дараа өвчин гарах магадлал нь цэвдэгтээ газар илүү байдаг гэдэг. Дорноговь шиг дулаан уур амьсгалтай газар 90 жилийн дараа гоц халдварт годрон өвчин сэдэрсэн нь ямар учиртай юм бэ. Үүн дээр шинжилж тогтоосон зүйл байна уу?
-Одоо ажиллаж л байна даа.
-Сумын малын эмч нар годрон өвчин болохыг мэдсэн ч багагүй хугацаанд нуун дарагдуулсан гэх мэдээлэл байна л даа. Аравдугаар сарын 10-нд мэдсэн хэр нь орон нутгийн сонгууль өнгөрөөж хөл хорио тогтоосон нь ямар учиртай юм бэ?
-Түүнийг сайн хэлж мэдэхгүй байна. Дорноговь аймгийн Мал эмнэлгийн газарт байгаа хүн алга. Бүгд Хатанбулаг суманд ажиллахаар явчихсан байна.