Дэлхий дахиныг хамарсан цар тахлаас дөнгөж сэргэж, өндийгөөд байгаа олон улсын худалдааны салбар Ойрх Дорнодын зөрчил, Төв Америкийн ган гачиг, хаа сайгүй нүүрлээд байгаа үер усны аюул зэргээс болж зарим боомтууд дээр тасалдах; тээврийн компаниудын үйл ажиллагаа саатах магадлал өндөр байна. Энэ удаагийн Ойрх Дорнодын хямрал бүс нутгийг хамарсан бүрэн хэмжээний дайн самуун болж даамжирвал Улаан тэнгисийг дайрдаг худалдаа, тээвэрлэлтийн урсгал бүрмөсөн тасалдах ч эрсдэл бийг мэргэжилтнүүд анхааруулжээ. Улаан тэнгисийн зарим боомт Иемений нутаг дэвсгэрийг эрхэндээ оруулсан хути босогчдын мэдэлд шилжсэнээр өнгөрсөн нэг жилийн хугацаанд худалдааны урсгал нь хэдийнээ гуравны хоёроор буураад байгаа юм. Уг бүс нутагт дэлхийн худалдааны урсгалын 12 хувь нь дамжин өнгөрдөг гэсэн тооцоо бий. Тээвэрлэгчид исламын алан хядагчдаас сэрэмжлэхийн эрхээр Улаан тэнгисээр дайралгүй Өмнөд Африкийн Сайн итгэлтийн хошууг бүтэн тойрох нь нэмэгдсэн нь бараа бүтээгдэхүүний ердийн тээвэрлэх хугацааг бүтэн дөрвөн долоо хоногоор сунгах болсон байна.
Харин Төв Америкт нүүрлэсэн ган гачгаас болж, Панамын сувгаар дайран өнгөрөх том оврын тээврийн хөлөг онгоцны тоо энэ оны эхний хагасын байдлаар 36-аас 20 болон буурчээ. Мөн АНУ-ын зүүн эргийн боомтын ажилтнууд хэд хэдэн удаа ажил хаялт зохион байгуулсан нь олон улсын тээвэрлэлтийг саатуулсан байна. Мягмар гарагт гэхэд Олон улсын Лоншормений холбооны 50 мянга орчим гишүүн цалингийн нэмэгдэл шаардаж, ажил хаясан нь Америкийн зүүн эргийн 14 боомтын үйл ажиллагаа саатахад хүргэжээ. Энэ бүхэн дээр Орос-Украины дайн, АНУ-Хятадын худалдааны сөргөлдөөн ч нэрмээс болж байгаа аж.