Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр, Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал, "Дархан арьс ширний цогцолбор" ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Энхбаяр болон холбогдох албаны төлөөлөлтэй уулзлаа. Зогсонги байдалд орсон арьс ширний цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг хэрхэн үргэлжлүүлэх, туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан ААНБ-уудын тулгамдсан асуудлын талаар сонсов. Үндэсний аудитын газрын дүгнэлтээр Дархан арьс ширний цогцолборын төслийн нийт төсөвт өртөг нь 86.2 тэрбум төгрөг. Үүнээс 40.8 тэрбум төгрөгийн ажил хийгдэж 47.4 хувийн гүйцэтгэлтэй ажиллажээ.Хөгжлийн банкнаас авсан 18.3 тэрбум төгрөгийн зээлийн хүү 9.1 тэрбум төгрөгт хүрч хүүгийн дарамтад хувийн хэвшил орсон гэж мэдэгдэж байна.  Иймд дахин аудит ажиллуулж, гаргасан дүгнэлтийг нь үндэслэн тухайн үнийн дүнтэй хувийн хэвшил зөвшилцөж чадвал төр “Дархан арьс ширний цогцолбор”-ын дэд бүтцийг худалдан авч цаашид үйл ажиллагааг нь үргэлжлүүлэн ажиллах боломжтой гэв. Дархан арьс ширний цогцолборын төслийг 2018 онд эхлүүлж, цахилгааны шугам, цэвэрлэх байгууламж, гадна дулаан, цэвэр усны хангамж, технологийн уур үүсгэгч зэрэг дэд бүтцийн ажлыг хийжээ. Хөгжлийн банкнаас зээл авч уг ажлыг элхүүлсэн ч 2021 оноос үйл ажиллагаа нь бүрэн зогсож, туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан орон нутгийн аж ахуй нэгж байгууллагууд алдагдал хүлээж зогссон. Аймаг, орон нутгийн зүгээс удаа дараа хөгжлийн банкнаас авсан зээлийг төлүүлж аж ахуйн нэгжүүдийн өр төлбөрийг барагдуулах тохиролцоог “Дархан арьс, ширний цогцолбор” ХХК-тай хийсэн боловч тодорхой үр дүнд хүрч чадаагүй өнөөдрийг хүрсэн юм. Тиймээс төрийн байгууллага нь хөрсөнд буусан бодитой шийдвэр гаргаж аж ахуйн нэгжүүдийн хохирлыг барагдуулж, цаашид олон ажлын байр нэмэгдэж, зөвхөн арьс шир боловсруулах биш хөнгөн үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх боломж бүрдэнэ гэж туслан гүйцэтгэгч компанийн удирдлагууд хэлж байна. Дээрх асуудалд анхаарлаа хандуулж, дахин аудит ажиллуулж, үр дүнгийн талаар талууд санал нийлж чадвал арьс ширний цогцолборын бүтээн байгуулалтын ажил цаашид үргэлжлэх боломжтой юм.