Хатан ээжийнхээ сэнтийг аваад ердөө нэг жил болж байгаа Данийн хаан X Фредерик 1972 оноос хойш огт өөрчлөгдөөгүй байсан Данийн ихэс дээдсийн сүлд тэмдгийг шинэчилж, 500 гаруй жил төрийн сүлдэнд нь заларч ирсэн Калмарын холбооны бэлгэдэл болох гурван титмийг хассанаа зарлалаа. Дани, Норвеги, Шведийн эв нэгдлийг илтгэх гурван титмийн оронд харин одоогийн Данийн хаант улсыг бүрдүүлдэг Гринланд арлын бэлгэдэл цагаан баавгайг, мөн Фарерын арлуудын бэлгэдэл болох цагаан хуц ухныг томруулан залжээ. Ажиглагчид үүнийг нь Ерөнхийлөгчийн албан тушаалаа авмагцаа Гринланд, Панамын сувгийг аюулгүй байдал, стратегийн онц чухал бүс нутаг тул Америкийн эрхэнд авна гэж сүрдүүлсээр байгаа Дональд Трампын мэдэгдэлд барьсан хариу үйлдэл гэж үзэж байна. Трамп шаардлагатай бол Гринландыг өндөр үнээр худалдаж авна гэж удаа дараа мэдэгдсээр байгаа билээ.

Трампын мэдэгдлийн хариуд одоогоор Герман, Франц улс дургүйцлээ илэрхийлж, Данийн Гадаад хэргийн сайд дипломат ёсоор Вашингтоны албаныхантай яриа хэлэлцээ хийх хүсэлтэй буйгаа илэрхийлээд байна.

Данийн хааны дээрх шийдвэр Дани, Гринландын харилцаанд сүүлийн үед үүсээд байгаа хурцадмал байдлыг зөөллөх гэсэн арга ч байж мөн болох юм. Учир нь Гринландад өөртөө засах эрх хангалтгүй, Даниас бүрэн тусгаар улс болох хэрэгтэй гэсэн үзэлтэй гринландчуудын тоо жилээс жилд нэмэгдэж байгаа гэсэн судалгаа бий. Мөн Гринландын Ерөнхий сайд саяхан тусгаар тогтнох эсэх асуудлыг ахин сөхөж, бүх нийтийн санал асуулга явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Гринланд нь 17 дугаар зуунаас хойш Данийн мэдэлд байгаа бөгөөд 1979 оноос өөртөө засах эрхтэй болсон. Тус арал Америкийн Техас мужийн нутгийг гурав нийлүүлсэнтэй тэнцэхүйц асар уудам газар нутагтай, дэлхийн хамгийн том арал хэдий ч ердөө 57 мянган оршин суугчтай юм.

X Фредерик хаан хэд хоногийн өмнө шинэ оны мэнд хүргэн ард түмэндээ хандаж хэлсэн үгэндээ “Бид бүгд нэгдмэл нэг үндэстэн. Хаант улсын маань хилийн гадна орших Өмнөд Шлезвиг дэх даничуудаас эхлээд Гринландын хязгаар буйд нутагт суугаа ард олон минь хүртэл бүгд Данийн төлөө зүрх сэтгэлээ зориулж байгаа” хэмээн онцолжээ.