1945 оны наймдугаар сард Хирошима, Нагасаки хотын дээрээс АНУ-ын Зэвсэгт хүчин цөмийн бөмбөг хаяснаар Япон улс дэлхийн хоёрдугаар дайнд ялагдсанаа зарласан. Цөмийн бөмбөгдөлтөд нийт 240 мянга гаруй хүн амь үрэгдэж, хэдэн зуун мянган хүн шархадсан юм. Тэгвэл энэхүү халдлагаас амьд мэнд үлдсэн хүмүүсийн нэгдэн нийлж, цөмийн аюул ослыг олон нийтэд таниулах үйл ажиллагаа явуулдаг “Нихон Хиданкио” хэмээх байгууллага энэ оны Нобелийн Энхтайвны шагнал хүртлээ. Японоор хибакүша гэгддэг цөмийн дэлбэрэлтээс амьд мэнд үлдсэн хүмүүсийг Нобелийн хороо “даян дэлхийг цөмийн зэвсгээс ангид байлгахын төлөөнөө уйгагүй зүтгэж ирсний хамт цөмийн зэвсгийг ахин хэзээ ч ашиглаж болохгүй гэдгийг гэрчүүдийн мэдүүлгээр дамжуулан таниулсаар байгаагийн учир” шагнажээ. Тус хорооны тэргүүн дээрх байгууллагыг “олон улсад цөмийн зэвсгийг аюултай хэмээн үзэх, цээрлэн жигших хандлага тогтоход бодитой хувь нэмэр оруулсан” гэж онцолсон байна. “Нихон Хиданкио” өмнө нь хэд хэдэн удаа Нобелийн шагналд нэр дэвшиж байсны дээр 2005 онд Нобелийн хорооны мэдэгдэлд нэр нь дурдагдаж байж.
1956 онд байгуулагдсан уг байгууллага цөмийн бөмбөгдөлтөөс амьд үлдсэн хүмүүсийг дэлхийн өнцөг булан бүр лүү илгээж, цөмийн аюулыг олон нийтэд таниулах ажил явуулж ирсэн агаад үүсгэн байгуулагчдынх нь нэг Тошиюүки Мимаки Нобелийн хорооны мэдэгдлийн дараахан сэтгүүлчидтэй уулзахдаа “Ийм зүйл болно гэж зүүдэлж ч байсангүй” хэмээн нүдэндээ нулимстай хэлсэн байна. Тэрээр Хирошима хотын дээрээс цөмийн бөмбөг унахад ердөө гуравхан настай байсан ч гэрийнх нь хажуугаар амьдаараа шатах, нүд халтирам шарх сорви олсон хүмүүс амь тэмцэн гүйж байсныг тодхон санадаг гэнэ.
Энэ оны Нобелийн Энхтайвны шагналыг палестинчуудад хүмүүнлэгийн тусламж үзүүлж буй гол байгууллага болох UNRWA буюу НҮБ-ын харьяа Ойрх Дорнод дахь Палестиний дүрвэгсдэд туслах тусгай агентлаг хүртэнэ гэсэн таамаг нэлээд газар аваад байсан юм. Харин өнгөрөгч аравдугаар сарын 7-нд “Хамас” бүлэглэлийн Израилийн нутагт үйлдсэн халдлагын үеэр есөн ажилтан нь тус алан хядах хөдөлгөөний гар хөл болсон гэсэн мэдээлэл цацагдсаны дараа 12 мянга гаруй хүн гарын үсэг цуглуулж, дээрх байгууллагыг Нобелийн шагналаар шагнахгүй байхыг хүсчээ.
Хэдийгээр “Нихон Хиданкио”-г Нобелийн шагналтнаар тодруулсан нь элдэв хэл ам, дуулиан шуугианаас сэргийлсэн мэт үйлдэл боловч Украин, Ойрх Дорнодын өнөөгийн хурцадмал байдлын ард олны сэтгэлийг түгшээж буй аюулыг тодотгож өгсөн чухал шийдвэр боллоо гэж үзэх ажиглагч олон байна. ОХУ-ын эрх баригчид Украин руу халдсанаасаа хойш хэрэв зайлшгүй шаардлага гарвал цөмийн зэвсэг ашиглана гэж удаа дараа сүрдүүлсээр байгаа юм.
Энэ оны Нобелийн Энхтайвны шагналд 197 хүн, 89 байгууллага нийт 286 нэр дэвшигчийн нэрийг дэвшүүлжээ. Шагналын эзэд ирэх арванхоёрдугаар сард Осло хотод болох ёслолоор алтан медаль, өргөмжлөлийн хамт нэг сая ам.доллар гардаж авах юм. Өнгөрсөн оны Нобелийн Энхтайвны шагналыг Ираны хүний эрхийн төлөө тэмцэгч Наргес Мохаммади хүртсэн. Иран эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч тэрээр Тегераны Эвин гянданд 12 дахь жилдээ хоригдож байгаа юм.