Их Британи улс чулуужсан түлшнээс эрчим хүч гаргаж ирсэн 142 жилийн түүхээ эцэслэж, нүүрснээс бүрэн татгалзсан анхны хөгжингүй улс болжээ. Тус улсын хамгийн сүүлийн нүүрсний цахилгаан станц , 1967 оноос үйл ажиллагаа явуулсан Рэтклифф хотын станц өчигдөр үйл ажиллагаагаа зогсоосон байна. Энэ нь уур амьсгалын өөрчлөлтийн гол шалтгаан болж байгаа хүлэмжийн хийг бууруулахад Британийн оруулж буй бага гэхээргүй хувь нэмэр юм. Нүүрс нь хамгийн ихээр хүлэмжийн хий ялгаруулдаг чулуужсан түлш бөгөөд Британи улс нүүрсний цахилгаан станцыг “төрүүлсэн” газар билээ. Дэлхийн хамгийн анхны нүүрсээр ажилладаг цахилгаан станц болох Хольборн Виадактын станц зохион бүтээгч Томас Эдисоны санаачилгаар 1882 онд Лондонд ашиглалтад орж байсан түүхтэй. Тэрээр Лондоны гудамжийг гэрэлтүүлэхийн тулд станц байгуулж байжээ.

Британи улс 1990-ээд оноос бага багаар сэргээгдэх эрчим хүч ашиглах болж, 2010 он гэхэд эрчим хүчний эх үүсвэрийнхээ долоон хувийг сэргээгдэх эрчим хүчээс авч байсан бол энэ үзүүлэлт энэ оны эхний хагасын байдлаар 50 хувьд хүрээд байна.