Хичээлийн шинэ жил эхэлж, нийслэл хот оюутан, сурагчдын хөлд дарагдаж байна. Хөдөө, орон нутгаас их, дээд сургуулиудад суралцахаар зорин ирсэн оюутны тоо жил ирэх тусам өсөж буй. Тэдэнд тулгардаг хамгийн том асуудал бол амьдрах байрны хүрэлцээгүй байдал. Улаанбаатарт жилд дотуур байранд амьдрах хүсэлтэй 35-40 мянган оюутан байдаг гэсэн тооцоо бий. Харин нийслэлийн хэмжээнд нийт 44 дотуур байр байдаг бөгөөд эдгээр нь 15 мянган оюутан авах хүчин чадалтай.

Ихэнх сургууль эхлээд дотуур байранд  орох хүсэлтэй шинэ оюутнуудаа бүгдийг нь авч дуусчихаад, сул ор үлдвэл 2-4 дүгээр курсийнхнийг оруулдаг. Гэхдээ энэ нь гурав, дөрөвдүгээр курсийн оюутнуудад бараг олдохгүй учраас тэд түрээсийн байрны эрэлд гардаг. Хичээл эхэлсэнээс хойш 10-аад хоног өнгөрөөд буй. Байрандаа орж чадаагүй МУБИС-ийн оюутан Б.Мөнхзул “Хэдэн өдөр өглөөнөөс орой болтол үүдийг нь сахин хүлээсэн. Ахлах курсийн оюутнуудийг авах болоогүй гэж хэлсэн. Гэхдээ байргүй  хоцорвол энэ жил амьдрах газаргүй учраас хүлээхээс өөр арга байхгүй” гэв.

Оюутнууд найзуудаараа нийлэн хажуу болон нэг, хоёр өрөө байр түрээслэх нь элбэг.  Үүнийг дагаад түрээсийн байрны үнэ нь тэнгэрт хаддаг. Байрны үнэ байршлаасаа хамааран хэлбэлзэнэ. Энэ жилийн хувьд нэг өрөө тавилгагүй байрыг нэг сар түрээслэх үнэ 800 мянган төгрөгөөс эхэлж байна. Хамгийн хямд гэх эдгээр байрыг Улаанхуаран, 21, 16 дугаар хороолол зэрэгт түрээслэх боломжтой. Харин Улсын их дэлгүүр, 120 мянгат хавиар тавилгатай нэг өрөө байр 1.8 сая төгрөгийн үнэтэй. Тэгвэл хотын төвд сургуулиудтай ойр, тавилгагүй нэг өрөө байр түрээслэхэд дунджаар 1.2 сая  төгрөг төлнө. Тухайн оюутан 10 сар амьдарна гэж үзвэл 12 сая төгрөгийг зөвхөн түрээсэнд төлөх болох нь. Үүнээс гадна тог, усны төлбөр гэх мэт урсгал зардал нэмэгдэнэ. Мөн түрээслэгчид тэднээс барьцаа хөрөнгө шаардан, төлбөрөө гурваас дээш сараар өгөх болзол тавьдаг.

Хоёр өрөө байрны түрээс  нэг саяас 2.7 сая төгрөг байна. Байршил, тавилгатайгаасаа хамаарч үнэ нь өөр өөр. Хажуу өрөө 500-800 мянган төгрөгийн төлбөртэй. Ганцаараа байдаг оюутнууд хажуу өрөө түрээслэх нь элбэг. Гэхдээ хажуу өрөөнд гэрийн эздээс хараат, харцаар нь хөдөлж амьдрахад хүрдгийг олон оюутан хэлдэг.

Уг нь нийтийн байр хамгийн хямд. Сарын төлбөр нь дунджаар 300 мянган төгрөг бөгөөд сар сардаа өгөх боломжтой. Гэсэн ч архидалт, эрүүл ахуйн шаардлага хангадаггүй зэрэг асуудал ихтэй. Оюутан Б.Мөнхзул “Дотуур байранд оруулах, эсэхийг нь хүлээж удсанаас болж түрээсийн байр ховордчихлоо. Сургуулиас хол, эсвэл үнэтэй, төлбөрөө олон сараар нь авна гэх зэрэг шаардлага тавьсан байрууд л байна. Ер нь оюутнуудад байр түрээслэх дургүй. Биднийг үл тоох нь их, гадуурхаад ч байгаа юм шиг. Ямартай ч олон хоног хайсны эцэст тавилгагүй байр түрээслэлээ” гэж байлаа.

Б.БЯМБАДЭЛГЭР