Энэтхэг улс Умард Атлантын цэргийн эвсэл буюу НАТО-той төстэй Азийн цэргийн эвсэл байгуулах Японы шинэхэн Ерөнхий сайд Шигэрү Ишибагийн саналыг дэмжихгүй гэдгээ илэрхийллээ. Энэтхэгийн Гадаад хэргийн сайд Субраманьяам Жэйшанкар Вашингтон хотноо болсон Олон улсын энхтайвны төлөөх Карнегийн чуулганд хэлсэн үгэндээ Японоос ялгаатай нь Энэтхэг улс түүхэндээ аль нэг улсын санаачилсан аливаа тунхаг бичигт холбоотон байсан удаагүй; цаашид ч энхийг эрхэмлэх, олон улсын ямарваа зөрчил тэмцлийг дипломат замаар шийдвэрлэх чанд хатуу байр сууриа өөрчлөхгүй хэмээн онцолсон байна. Харин хэд хоногийн өмнө НҮБ-ын Ерөнхий ассамблейд хэлсэн үгэндээ “Бид огт өөр түүхэн замналтай, асуудлыг шийдвэрлэх огт өөр арга барилтай улс” гэж цохон тэмдэглэжээ. Сонирхуулахад, Жэйшанкар АНУ, Хятадад суух Энэтхэгийн Элчин сайдаар ажиллаж байсан; Японд ажиллаж байхдаа япон эмэгтэйтэй гэрлэсэн; орос, япон, хятад, унгар зэрэг олон хэлтэй дипломатч юм.

Энэтхэг, Япон хоёр улс АНУ, Австралийн хамтаар өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй олон улс дахь Хятадын нөлөөг тэнцвэржүүлэхээр байгуулагдсан QUAD буюу Аюулгүй байдлын дөрвөн талт хэлэлцээр гэх бүлгэмийн гишүүн билээ.

Энэтхэгийн Гадаад хэргийн сайд Субраманьяам Жэйшанкар

Өнгөрсөн долоо хоногт Японы эрх баригч намын тэргүүн бөгөөд Засгийн газрын тэргүүнээр тохоон томилогдсон Ишиба улс орноо дэлхийн хоёрдугаар дайнаас хойших хамгийн аюултай нөхцөл байдалд ороод байгаа тул нөхөрсөг харилцаатай орнуудтайгаа хамтарч цэргийн эвсэл байгуулах шаардлага тулгараад байна гэсэн юм. Түүгээр үл барам Азийн НАТО-г байгуулснаар Японы нутагт Америкийн цэргүүдийг байрлуулах; цаашлаад Орос, Хятад, Хойд Солонгос зэрэг цөмийн зэвсэгтэй хөрш орнуудаасаа нутаг дэвсгэрийнхээ бүрэн бүтэн байдлыг сахин хамгаалахын тулд Америкийн цөмийн зэвсгийг хамтран ашиглах үүд хаалга нээгдэнэ гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлээд байна. Вашингтоны зүгээс уг саналыг дэмжихгүй, иймэрхүү яриа хэлэлцээ одоогоор эртэднэ гэсэн ч  Ишиба сүүлд хийсэн мэдэгдэлдээ “Америкийн хүч нөлөө буурч байгаа энэ үед Азийн орнууд хүчээ нэгтгэх зайлшгүй шаардлага бий болоод байна” гэж ахин нэгэнтээ тэмдэглэжээ.