Агнуурын тэнгист халим үзэхээр төрсөн ах, ахынхаа хүү хоёртой хийлдэг завьтай замд гарсан Михайл Пичугин хэмээх 46 настай орос эр бүтэн 67 хоногийн дараа эсэн мэнд олджээ. Завиных нь хөдөлгүүр буцах замд нь буюу наймдугаар сарын 9-ний өдөр эвдэрснээс хойш ердөө хоёр долоо хоногийн хүнстэй гарсан гурван аялагчийн байдал хүндэрч 49 настай ах, 15 настай дүү хоёр нь хэдхэн хоногийн зайтай амьсгал хураасан байна. Пичугин ах, дүү хоёрынхоо цогцсыг алдахгүйн тулд завиныхаа ард бэхэлж боожээ. Пичугин борооны ус цуглуулж, загас барьж гол зогоож байсан гэнэ. Харин монгол ноолууран хөнжилтэй явсан нь аминд орж, түүнийгээ ачаар олон хүйтэн шөнийг осголгүй давсан тухайгаа сэтгүүлчдэд ярьсан байна. Пичугины ах өлсгөлөнгөөр, харин ахынх нь хүү биеийн дулаанаа алдаж, хүнд өвдсөнөөсөө болоод өвчнөө даалгүй өөд болжээ.

Пичугиныг загас агнуурын нэгэн хөлөг онгоц Камчаткын эргээс 11 зангилаа зайд буюу анх гарсан цэгээс нь бараг 1000-аад км-ийн холоос олсон байна. Шингэний дутагдалд орж, биеийн дулаанаа алдаж, тамирдаж сульдсаныг эс тооцвол биеийн байдал нь одоо тогтвортой байгаа аж.