Хотын дарга Х.Нямбаатарын баг утаатай тэмцэх ээлжит төлөвлөгөөгөө танилцууллаа. Ингэхдээ сайжруулсан шахмал түлшийг хийгээр солих ажлыг эхлүүлж, ирэх онд нүүрс хэрэглэдэг 20 мянган айлыг хийн түлш буюу газын хэрэглээнд шилжүүлэх ТЭЗҮ-ийг боловсруулах тендер зарлахаар болжээ.
Дараа оны өдийд галлагааны улирал гэхэд 20 мянган айлыг газын хэрэглээнд шилжүүлж чадвал жил бүр энэ тоогоор орон сууцжуулах төлөвлөгөөнд ороогүй айлуудыг газын хэрэглээнд шилжүүлнэ гэж үзжээ.
Хийн түлшний стандарт эрүүл ахуйн шаардлага хангасан, тэсэрч дэлбэрэх эрсдэл, дотоодын нөөц боломж зэргийг судалж байгаа бөгөөд ийнхүү тодорхой хугацааны дараа хатуу түлшнээс шингэн түлш үйлдвэрлэдэг байдал руу шилжинэ. Энэ ажлыг хэрэгжүүлэх төслийн нэгж байгуулна гэдгийг Хотын дарга Х.Нямбаатар хэллээ. Тэрбээр “Нүүрс бол нүүрс. Нүүрс түлбэл утаа гарч, утаа агаарын бохирдлыг бий болгоно гэдэг өөрчлөгдөшгүй зүйл. Олон төрлийн яндангууд болон өсөн нэмэгдсэн тээврийн хэрэгслийн тоо утаанд голлон нөлөөлж байгааг хэдийн судалсан. Утаа шингэрсэн гэж иргэдийг хуурч болохгүй. Агаарын бохирдлыг шийдэх асуудалд бүх талаасаа хичээл зүтгэл гаргаж оролцох хэрэгтэй” гэж онцлов.