“Үндэсний Эвсэл”-ээс Үндсэн хуулийн Цэцэд хандаж байгаа талаараа мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд “Үндэсний Эвсэл”-ийн хуульч Г.Батхүү “УИХ-ын сонгуулийн үр дүнгээр хамгийн өндөр санал авсан гурван нам нийлж хамтарсан Засгийн газар байгууллаа. Эрх мэдэл хуваарилах онолын дагуу Засгийн газар хууль тогтоох байгууллага шүүх гурав тусдаа байх зарчим алдагдаж байгаа. УИХ-д суудалтай таван намын гурав нь нэг талдаа гарснаар үндсэндээ Засгийн газар, УИХ хоёр нэг болсон. Тиймээс цөөнх буюу сөрөг хүчнээс Засгийн газарт хяналт тавих зайлшгүй шаардлагатай. “Үндэсний Эвсэл”-ийн зүгээс Төсвийн хяналтын хорооны дэд даргыг УИХ дахь цөөнх буюу сөрөг хүчнээс тавих шаардлагатай гэж үзэж байгаа. Иймд бид өнөөдөр Үндсэн хуулийн Цэцэд мэдээлэл гаргаж байна.

Хоёрдугаарт, Нийгмийн даатгалын ерөнхий хууль 2023 оны долоодугаар сарын 7-нд батлагдаж, 2024 оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн. Энэ хуулийн 19.1.2 дээр  Иргэний хуулийн 243, 343, 395-д заасан Хөлсөөр ажиллах гэрээнээс Нийгмийн даатгал авна гэдэг зохицуулалт бий. Энэ зохицуулалт дэлхийн хаана ч байхгүй. Энэ хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхэд иргэдийн оролцоо чухал байна” гэлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн, “Үндэсний Эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр “Монгол Улсын эдийн засаг коммунист тогтолцоо дээр явж байгаа. Төрийн өмчийн газруудын 40-60 хувь нь алдагдалтай ажиллаж байгаа. Үүнийг Засгийн газар хувьчлах, шинэчлэх менежментийн реформ хийнэ гэсэн ч ярианаас цаашгүй байгаа. Төрийн өмчит үйлдвэрүүдийн хэтийн төлөвийн талаарх төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг тун удахгүй санаачилж, олон нийтэд хүргэнэ.

Мөн төсвөөс цалин авч байгаа 300 мянга орчим иргэн байгаа. Нэг жилийн төсвийн дийлэнх хувийг төрийн албаны нэртэй эдгээр хүмүүс авдаг. Үүний цаана маш их үргүй зардал гарч, үр дүнд нь эдийн засгаа тэлэх боломж бүрддэггүй. 2025 оны улсын төсөв орж ирсэн. Бид баримталж байгаа зарчмынхаа хүрээнд улсын төсөв дээр мэргэжлийн аудиторуудтай хамт дүгнэлт гаргахаар ажиллаж байна” гэв.

Мөн түүний хувьд эрх баригчид эдийн засгаа тэлэх, ажлын байр бий болгож иргэдийн орлогыг нэмэгдүүлэх талаар авч хэрэгжүүлэх бодлого дэвшүүлэхгүй байгаад шүүмжлэлтэй хандаж байсан юм.