Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийг шинэчлэн найруулах хэлэлцүүлгийг нийгмийн харилцаанд оролцогч талууд, үйлдвэрчний эвлэлтэй хамтарч ажилладаг нийгмийн түнш байгууллагуудын дунд нээлттэй зохион байгууллаа. Олон улсын хүний эрхийн өдрөөр болсон энэхүү уулзалтад хуулийг шинэчлэх хэрэгцээг шаардлага, судалгааны үндэслэлийг оролцогч талууд танилцуулж хэлэлцүүлэг өрнүүлэв.

Хэлэлцүүлэгт Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн А.Ариунзаяа нар болон Хүний эрхийн үндэсний комисс, Үйлдвэрчний эвлэлийн холбоо,  Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, МҮХАҮТ,  Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоо зэрэг байгууллагын 40 гаруй төлөөлөл оролцов.

Үйлдвэрчний эвлэл бол ажилчдын эрх ашгийг хамгаалдаг байгууллага. Тиймээс Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн төслийг шинэчлэн боловсруулах зайлшгүй шаардлагатай.

Хуулийн шинэчлэлээр үйлдвэрчний эвлэлийн байгууллага төрийн байгууллага хоорондын хамтын гэрээ, хамтын хэлэлцээрийн тоо, түүнд хамаарагдаж, үр шимийг хүртээж байгаа ажилтны тоо зэрэг статистик мэдээллээ илүү бодитой болгох юм.Үйлдвэрчний эвлэлийн эрхийн тухай хуулийн шинэчлэлийг боловсруулан, 2025 оны УИХ-ын хаврын чуулганд өргөн барихаар төлөвлөж байна гэдгийг УИХ-ын гишүүд хэллээ.

Хуулийн шинэчлэлийн талаар МҮЭХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Х.Буянжаргалаас тодруулахад “Бид үндэсний хэмжээнд хэлэлцүүлэг өрнүүлж байна. Нийгмийн харилцаанд оролцогч талууд, үйлдвэрчний эвлэлтэй хамтарч ажилладаг нийгмийн түнш байгууллагууд ирсэн байна. Үйлдвэрчний эвлэлийн хуулийг шинэчлэхэд ямар зохицуулалтыг хийж өгөх вэ гэдэгт талуудын байр суурийг нэгтгэх нь чухал байгаа. Мөн хуулийн шинэчилсэн найруулгаар уу нэмэлт өөрчлөлтийн хэлбэрээр УИХ-д өргөн барих уу гэдгээ тогтох ёстой. Өөрөөр хэлбэл, хуулийн төслийн хэдэн хувьд нь өөрчлөлт орохоос хамаарч энэ асуудал шийдэгдэнэ.

Харин олон улсын Хөдөлмөрийн байгууллага болон МҮЭХ-ны байр суурь бол нэмэлт өөрчлөлт хэлбэрээр оруулах боломжтой гэж харж байгаа. Хоёрдугаарт, УИХ-ын гишүүд өргөн барих уу, Засгийн газар уу гэдгийг ярилцаж байна.

Өнөөдрийн энэ Үндэсний хэлэлцүүлгээс Монгол Улсад хүний эрх, эрх чөлөө ардчилал, нийгмийн тогтвортой байдлыг хангахад Үйлдвэрчний эвлэл ямар ач холбогдолтой юм. Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын түвшинд иргэд хөдөлмөрчдийн эвлэлдэн нэгдэх эрхийг хангахад Монгол Улс ямар түвшинд байгаагаа тодорхойлох шаардлагатай. Хуулийн шинэчилсэн найруулга дээр эвлэлдэн нэгдэх эрхийг ҮЭ-ийн байгууллага олон улсын 87-дугаар конвенцийн хүрээнд авч үзсэн ч гэсэн үйлдвэрчний анхан шатны хороо, нэгж байгууллагуудын бүртгэлийн асуудал, татварын зохицуулалт, хяналт, зохион байгуулалтыг эргэж харж шинэчлэн тусгахыг эрмэлзэж байгаа” гэлээ.