Монголын анхны түүхэн дуурь буюу дуулалт жүжиг болох “Учиртай гурван толгой” дуурь энэ сарын 26, 27-нд ДБЭТ-ын тайзнаа тоглогдоно. Хайр сэтгэл, хүмүүсийн зан чанар, тухайн нийгмийн тусгал болсон тус дуурь тайзнаа анх амилаад 87 жилтэйгээ золгож байна. “Учиртай гурван толгой” дуурийг анх 1934 онд дуулалт жүжиг хэлбэрээр Д.Намдаг найруулжээ. Ингээд алтан үеийн уран бүтээлчид тайзнаа тавьсан байна. Гурван бүлэг, таван үзэгдэлт энэхүү дуурь нь Юндэн, Нансалмаа, Балган, Хоролмаа нарын хооронд өрнөх ба бүх үйл явдлыг хөдөө талын гурван толгодын дунд эргэлдүүлэн тольдох болно. Тус дуурийг анх ДБЭТ-ын тайзнаа 1934 оны аравдугаар сарын 21-нд тавьж байжээ.