Улаанбаатар хотод нэгдүгээр сарын 1-ээс тээврийн хэрэгслийн албан татвар, авто зам ашигласны төлбөр нэмэгдүүлэх шийдвэр хэрэгжиж эхэлсэн. Нийслэлийн 2025 оны төсвийг батлахдаа дээрх татвар, төлбөрийг 3-5 дахин нэмэгдүүлсэн бөгөөд тус шийдвэрээр нийслэлийн төсөвт 200 орчим тэрбум төгрөгийг бүрдүүлэх тооцоог хийжээ. Автомашины хөдөлгүүрийн багтаамжаасаа хамаарч 36000-300,000 төгрөгийг жил бүр тээврийн хэрэгслийн албан татварт төлдөг байсан. Тэгвэл энэ оны нэгдүгээр сарын 1-ээс тээврийн хэрэгслийн албан татвар гурван дахин нэмэгдсэнээр 1500см3 хөдөлгүүрийн багтаамжтай жижиг оврын автомашины албан татвар 36 мянгаас 108 мянган төгрөг болсон. Харин зам ашигласны төлбөр 20 мянган төгрөг төлж байсныг тав дахин нэмэгдүүлж 100 мянган төгрөг болгосон. Мөн 3500 см3 хөдөлгүүрийн багтаамжтай буюу дунд оврын автомашинтай иргэн 114,048 төгрөгийн албан татвар төлж байсан бол албан татварын хэмжээ 3 дахин нэмэгдүүлж 341,250 төгрөг төлөх юм. Мөн 3500см3 хөдөлгүүрийн багтаамжтай тээврийн хэрэгсэл жилд 40 мянган төгрөгийг зам ашигласны төлбөрт төлдөг байсан бол энэ төлбөр 5 дахин нэмэгдэж 200,000 төгрөг төлнө.

Өөрөөр хэлбэл, “Приус” 108000₮, “Лексус 570” 564300₮,“Портер” 75000₮, “Ланд Круйзер 200” 455400 төгрөгийн татвар төлнө. Харин Зам ашигласны төлбөр: 2000 хүртэлх моторын багтаамжтай машин 100000₮, 2001-3000 хүртэлх моторын багтаамжтай машин 150000₮, 4001 дээш моторын багтаамжтай машин 200000 төгрөг төлнө.