Гишүүн асан Н.Оюундарийг Монгол Улсаас бүгд найрамдах Польш улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилохыг Засгийн газар дэмжсэний дагуу Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хурлаар хэлэлцлээ. Н.Оюундарийг Элчин сайдаар томилох асуулыг Ерөнхийлөгчөөс оны өмнөхөн арванхоёрдугаар сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн бөгөөд байнгын хороонд төрийн тэргүүний Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр танилцуулав. Тэрбээр “Элчин сайдаар томилон ажиллуулахаар нэр дэвшүүлж буй Н.Оюундарь нь төрийн албанд олон жил ажилласан, дипломат албанд ажилласан туршлагатай, мэргэжлийн өндөр ур чадвартай, удирдах ажлын дадлага туршлагатай. Орос англи, герман, хятад хэлний мэдлэгтэй. Төрийн болон дипломат албаны хууль тогтоомжийн шалгуурыг хангасан, төрийн тусгай албанд ажиллах бүрэн боломжтой” гэдгийг дурдлаа. Гишүүдийн зүгээс хоёр орны харилцааны талаар товчхон асууж 17 хүний 16-нь дэмжсэн кноп дарж, улс төрийн болон төрийн албаны туршлагатай, Гадаад хэргийн яамны дэд сайдаар ажиллаж байсан дипломатч хүнийг Элчин сайдаар томилохоор нэр дэвшүүлснийг дэмжиж байгаагаа илэрхийлжээ.

Н.Оюундарийн "CV"
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
1995 онд
Сэрүүлэг дээд сургууль, бизнесийн удирдлага, бакалавр
1998 онд
Ниделандын Вант Улсын Маастрихтын их сургууль, бизнесийн удирдлага, эдийн засагч магистр
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
1995-1996 онд
Монголын Үндэсний бүтээмжийн төвд зөвлөх
1996-1997 онд
Монголын бизнесийн хөгжлийн агентлаг Европын холбооны ТАСИС хөтөлбөр зөвлөх
1997-1998 онд
Нэгдсэн Үндэстний байгууллагын Үйлдвэрийн газрын өөрчлөн байгуулалтын төсөлд зөвлөх
1999-2000 онд
Дэлхийн банк, Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төсөлд зөвлөх
2000-2004 онд
Байгаль орчны яамны Гадаад харилцааны хэлтсийн дарга
2004-2006 онд
Байгаль орчинны яамны Стратеги төлөвлөлт, бодлого зохицуулалтын газрын дарга
2006-2007 онд
НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр Дундад Азийг хариусан зөвлөх
2008-2012 онд
Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч
2008-2010 онд
БНХАУ-ын Бээжин хот дахь Улаанбаатар хотын төлөөлөгч
2010-2014 онд
“Бльюмон” групп ХХК зөвлөх
2014-2015 онд
Гадаад хэргийн яамны дэд сайд
2015-2016 онд
“Бльюмон” групп ХХК зөвлөх
2016 онд
Монгол Улсын Их Хурлын гишүүн
ГАДААД ХЭЛ
Англи, Орос, Герман, Хятад