Зүрхэн тэнгэрийн наран минь бүү орхиоч
Зүгээр л чамайг хармаар байна ахиад бүү бүрхээч… гэх зэрэг олон олон хайрын дуугаараа үзэгч, дэмжигчдэдээ хайрлагдсан “Outlaw” хамтлагийн 20 жилийн ойн баярын тоглолт болоход хоёр хоног үлдлээ.
Тоглолтын найруулга, тайз, гэрэлтүүлэг зэргийг “Big Show” тоглолтод ажиллаж байсан баг бүрэлдэхүүн хариуцах нь. Арын албаны хүмүүсийн зүгээс хэвлэлийн бага хурал дээр “Hit Park”-д илүү том тайз, гэрэлтүүлэг, хөгжим зэрэг зүйлсийг илүү том, олон гэрэлтүүлэг байршуулна гэдгээ мэдэгдлээ.
Хамтлагийн гишүүн Б.Жаргалын хувьд бүжгийн ажлыг өөрийн биеэр хариуцан дуунуудтайгаа нийцүүлэн бэлдсэнээ хэллээ. Энэ үеэр “Outlaw” хамтлагийн гишүүд “Энэ зүгээр л нэг болоод өнгөрдөг нэг тоглолт биш. Энэ бол манай хамтлагийн 20 насны төрсөн өдөр. Бид энэ тоглолтоороо үнэнч сонсогчдодоо том бэлэг барина” хэмээн мэдээллээ.
Нийгмийн хариуцлагын хүрээнд Замын цагдаагийн газартай хамтран “Respect Ticket” гарган, зарагдсан тасалбарын үнийн дүнгээс 20 сая төгрөг хандивлаж, хүүхдүүдэд нөлөөлсөн бодитой хөрөнгө оруулалт хийж байгаагаа онцолсон юм.
Уг тоглолт нь “Big Show” -той давхацсанд багийн ахлагч Э. Ариун-Эрдэнэ “Тоглолтын өдрийг сэтгэлийн хөөрлөөр товлодоггүй. 20 жилийн ойд маань бэлэг барьсан найзууддаа баярлалаа” гэсэн хариулт өглөө.
Б.БИЛГҮҮН, фотог Б.ЧОЙЖАМЦ