Өнгөрсөн хугацаанд Казахстаны нэр дээр барилдаж "Рио 2016" олимпоос хүрэл медаль зүүж тус улсаас гавьяат тамирчин цол хүртсэн жүдоч Г.Отгонцэцэг 2020 оны Токиогийн олимпын дараа зодог тайлж, Монголд амьдарч буй. Тэрээр “Winner” нэртэй клуб байгуулан эх орондоо ажиллаж амьдарч буй юм. Тэгвэл сар шинийн өмнөхөн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар жүдоч Г.Отгонцэцэг Монгол Улсын иргэн болох хүсэлтээ гаргаад гурван жил  болж байгаа ч өнөөдөр хүртэл шийдэгдэхгүй байгаа талаар цахим хуудастаа бичээд байв.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар Тиймээ цаг нь болсон тэд хичээсэн гэж онцлоод “....XVII жарны "Элдэв эрдэнэ" хэмээх Модон могой жилийн Сар шинийн баярыг тохиолдуулан,  Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн зарлигаар, Тэмүүжин клубын үүсгэн байгуулагч, ахлах дасгалжуулагч, Дашжамцын Энхбаатар багшийг жүдо бөхийг хөгжүүлэх их үйлсэд оруулсан хувь нэмэр, хичээл зүтгэлийг нь үнэлэн, Монгол Улсын төрийн дээд шагнал Гавьяат дасгалжуулагч хэмээх эрхэм хүндтэй цолоор шагнагдсанд нийт шавь нар болон жүдо бөх сонирхогчдын өмнөөс баяр хүргэж аз жаргал эрүүл энх саруул сайхан бүхнийг хүсье.

Одоо Монгол улс Галбадрах Отгонцэцэг дүүгийн иргэншлийн асуудлыг нь яаралтай шийдэж Монголын өмнөөс ажиллуулах хэрэгтэй. Иргэний харьяат болон Ерөнхийлөгчийн тамгын газарт, хүсэлт өгөөд 3 жил болсон ч одоо болтол шийдээгүй түр оршин суухаар амьдарч байгаа нь харамсалтай.  Эх орондоо ирээд Winner жүдо клуб байгуулаад  Монголын ирээдүй болсон өсвөрийн тамирчдыг бэлдэж буй сэтгэл нь эх орноо гэсэн агуу том илрэл юм шүү” гэсэн юм.

Тэгвэл жүдоч Г.Отгонцэцэг өнөөг хүртэл Гадаадын иргэн харьяатын газарт албан ёсоор иргэний харьяаллаа сэргээн тогтоолгох хүсэлтээ гаргаагүй байгаа аж. Харин ЕТГ-т өргөдөл өгснийг  нь ГИХГ-т шилжүүлсэн бөгөөд тус байгууллагаас Г.Отгонцэцэгтэй хэд хэдэн удаа холбогдож иргэншил сэргээх талаар мэдээлэл зөвлөгөө өгсөн байна. Угтаа процессоороо бол гавьяат тамирчин Г.Отгонцэцэг хамгийн эхлээд ГИХГ-т иргэний харьяаллаа сэргээн тогтоолгох хүсэлтээ өгч улмаар ЗГХЭГ болон ЕТГ-т уламжлах ёстой юм.