Монгол үндэсний өв соёлыг тээж яваа хүчит бөхчүүдийг гэргийнх нь хамт онцолдог “Монгол бахархал” булангийнхаа ээлжит зочноор Увс аймгийн Тэс сумын харьяат, Монгол Улсын начин О.Түмэн, гэргий С.Батцэцэг нарыг урилаа.
-Анх танилцаж гэр бүл болсон түүхээсээ хуваалцахгүй юу?
-О.Түмэн: 2015 онд аймгийн заан болсныхоо дараа анх эхнэр рүүгээ чат бичсэн. Хариу өгөхгүй нэг жил болсон. Дараа нь манай төгссөн сургуулийн 90 жилийн ойн тоглолт болсон. Тухайн үед тасалбарыг нь авах гээд танилцсан. Тэгээд л гэр бүл болсон.
-С.Батцэцэг: Би аавтайгаа наадам их үздэг байсан. Бөхчүүдийг хараад бахархах мэдрэмж төрдөг. Гэхдээ бөх хүнтэй сууна гэж бодож байгаагүй. Анх танилцахдаа ханийгаа бөх гэдэг утгаар нь хүлээж аваагүй. Халамжтай, тайван занд нь татагдаж гэр бүл болсон.
-Залуу начны бөх болох замнал юунаас эхлэлтэй вэ. Багаасаа л бөх болох хүсэлтэй байв уу?
-О.Түмэн: Манайх суманд амьдардаг байсан. Аав бага байхаас л бөх болоорой гэж захиж, дэмжсэн. “Миний хүү бөх болохоор байна уу” гээд бөхчүүдээс их асуудаг байж билээ. Аавыгаа амьд сэрүүн байхад нь аймгийн арслан эсвэл улсын цол аваад баярлуулсан бол гэж битүүхэндээ боддог. Хүү нь аавынхаа ачийг хариулахын төлөө ямар ч байсан эхний ээлжид улсын цолонд хүрсэн. Тав даваад улсын цолны босго алхаад туг тойрохдоо аавыгаа бага ч гэсэн баярлууллаа гэсэн бодол өөрийн эрхгүй бодогдсон.
2022 онд эхнэр бид хоёрт төлөвлөсөн ажил их байсан. Би бэлтгэлдээ анхаараад эхнэр ар талын бүх ажлыг даагаад улсын наадамд сайн барилдахыг хичээсэн. Хэрэв улсын цол авч чадахгүй бол гадаад явна гэж төлөвлөсөн байлаа. Улсын цолонд хүрсэн минь монгол бөхдөө үнэнчээр үлдэх шалтгаан болсон. Үүндээ талархаж явдаг.
-С.Батцэцэг: Улсын цол авахаас өмнөх жилүүдэд хань минь гадагшаа явъя гэж ярьдаг байсан. Дахиад нэг жил барилдчих гээд урам өгдөг. Хангалттай их хичээж байгаа учраас нэг л өдөр улсын цолтой болно гэж итгэдэг байсан.
-Хоёр жилийн өмнө төрийн наадамдаа тав давж начин болсон. Тухайн үед ямар мэдрэмж төрсөн бэ?
-О.Түмэн: Хоёр жилийн өмнөх наадмын бүх даваа амаргүй байсан. Тэр даваа сул байсан гэх зүйл байхгүй. Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой тохиосон. Бүх бөх бэлтгэл сургуулилтдаа анхаарч, цолоо ахиулахын төлөө хичээсэн жил байсан гэж ойлгож болно. Цол авахад бэлгэдэлтэй санагддаг зүйл гэж бий. Дархан аварга Н.Батсуурь ахын өгсөн зодог шуудгийг өмсөж төрийн наадамдаа амжилттай барилдсандаа баярладаг. Үндэсний бөхийн бэлтгэл хийж байхад “Ахын дүү энэ зодог шуудгийг авах уу, чамд таарна” гээд өгсөн. 2019 онд ихэд бэлэгшээж аваад заал танхимын барилдаанд өмсдөггүй байлаа. Аймгийн наадамд зодоглохдоо өмснө. Яагаад ч юм тэр зодог шуудгаа 2022 оны улсын наадамд өмсмөөр санагдсан. Харин одоо аварга ахын өгсөн зодог шуудгийг дээдэлж бурхандаа залсан.
-С.Батцэцэг: Начин болоход баярлахдаа нулимсаа тэвчиж чадаагүй. Улсын начин болчихоосой гэж боддог байсан даа. Хүүхэдтэй болоод шөнө сэрээд хуурайлаад, бүүвэйлнэ. Тэр үед наадам дөхсөн үе байсан учраас амралтад нь анхаарч, унтаарай гэж хэлдэг байсан. Гэтэл “Би яаж туслах уу” гэж асууна, тийм л хандлагатай. Бүхнийг болгох гэж үздэг.
-Амжилтад олон зүйл нөлөөлдөг. Ер нь ямар сэтгэл зүйтэй байхыг хичээдэг вэ?
-О.Түмэн: Эхнэртээ туслахыг хичээдэг. Ядарсан, завгүй үед нь хоол хийж, тусалж, хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгдөг. Гэр бүлийн хүнээ ойлгох нь миний үүрэг. Ханийгаа дэмжиж, ойлгож, хүндэлж, чадна гэсэн итгэлийг өгөхийг илүүд үздэг.
Аймгийн наадамд очиж барилдаад дөрөв, тав, зургаагийн даваанд унахаар шантарна. Бэлтгэлээ дутуу хийж байгаа юм байна. Дараагийн барилдаанд алдаагаа давтахгүй. Ирэх жилийн наадамд аймгийн арслан болно гэж боддог байлаа. Өөрт байгаа нөөцөө хэрхэн бөхдөө зориулах вэ гэж бодно. Долоон жил явсны эцэст аймгийн заанаас улсын начин болсондоо талархдаг.
-С.Батцэцэг: Барилдаад ирэхэд нь бөх үзээгүй, юу болов гээд асуудаг. Унахаараа утсаа аваад шууд над руу бичдэг. Тэр үед нь “за яахав дээ, унаа л биз” гэж хэлээд урам өгөхийг хичээдэг. Зарим үед хэлэх зүйлээ хэлдэг. Сахилга баттай байлгахыг боддог. Хань минь тайван зан, зөөлөн сэтгэлтэй.
-Тамирчдад унаж давах үе ээлжилдэг. Тэр үеийг хэрхэн даван туулдаг вэ?
-С.Батцэцэг: Өнгөрсөн жил “Алтан цом”-ын барилдаанд хань маань таван даваанд тав унасан. Тухайн үед их санаа зовсон. Тэр барилдаан хувь хүний чадвар бус багийн ажиллагаа шүү дээ. Хань минь мессежээр “Цахим орчин руу битгий ороорой” гэж бичсэн байсан. Удалгүй гэртээ ирэхэд нь сайхан хоол цайтай, инээгээд л угтсан. Урам өгөхийг хичээж “Чи хангалттай сайн байгаа. Заавал ялах албагүй” гэж хэлсэн. Би үргэлж дэмждэг. Тухайн орой хань минь унтаж чадаагүй. Цахим орчноор хүмүүс “О.Түмэн начин муу байлаа. Болохгүй байна” гэж их бичсэн байсан. Гэр бүлийн хүн маань нэг сэтгэлээр унахаараа хэд хоног үргэлжилдэг. Энэ үед нь хажуудах хүн нь дэмжихгүй бол болохгүй.
-Хүн амьдралдаа олон дурсамжийг бүтээдэг. Мартагддаггүй жаргалтай үе гэвэл?
-О.Түмэн: Бид олон сайхан дурсамжийг бүтээсэн. Бид нэг үе 120-ийн автобусны буудлын ард байрлах гоймон чанадаг газар ордог байсан. Сайхан хоол идчихлээ гэж яриад л эхнэрээ гэрт нь хүргэж өгнө. Тухайн үед их жаргалтай байсан даа. Эхнэр оюутан, би сургуулиа төгссөн байсан. Өглөө хичээлд явахад нь гэрээс нь очиж аваад хүргэж өгдөг. Эргээд бодоход тэр дурсамж сэтгэлд хадгалагдан үлджээ.
-С.Батцэцэг: Үндэсний бөх монголын өв соёл. Оюутан байхад бөхийн байны мөнгө сайхан санагддаг байсан. Тухайн шагнал их, бага байх нь хамаагүй. Би монгол бөхийн буян их гэж хэлэх дуртай. Тусалж, дэмждэг ах, дүү найз нөхдөдөө баярлаж явдгаа илэрхийлье. Аав ээжийн хайр, буян хишгийг зөв авч явахыг эрхэмлэж байна. Хүмүүст зөв үлгэр дуурайлал үзүүлэхийг хичээдэг.