МУСТА жүжигчин Д.Оюунтуул тайзны урлагаас завсарлага аваад багагүй хугацаа өнгөрсөн билээ. Тэгвэл тэрбээр “Хайрыг хайрла” хэмээх жүжгээр Хүүхэд, залуучуудын театрын тайзнаа бид бүхэнтэй эргэн уулзах нь. Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Дармын Батбаяр зохиолчийн "Хайрыг хайрла” жүжгийг Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Н.Наранбаатарын найруулгаар тус театрын уран бүтээлчид өнөөдрөөс тавьж буй. Хүүхэд, залуучуудын театрын хувьд 27 жилийн дараа дахин үйл ажиллагаагаа сэргээн, эл жүжгээр хөшгөө нээж буй нь энэ. “Хайрыг хайрла” жүжгийг энэ сарын 20-22, 10 дугаар сарын 11-13-нд нийтдээ зургаан удаа 19.00 цагт тоглох юм. Жүжиг нь 110 минут үргэлжлэх бөгөөд гэр бүл, хосуудын ээдрээтэй харилцааг богино хугацаанд өрнөлтэйгээр харуулахыг хичээсэн хэмээн найруулагч Н.Наранбаатар хэлсэн байна.