2001 оны есдүгээр сарын 11-ний террорист халдлагаас хойш бүтэн 23 жил өнгөрсөн ч амь үрэгдэгсэд, хохирогсдынх нь тоо одоо ч өссөн хэвээр байна гэж Дэлхийн худалдааны төвийн Эрүүл мэндийн хөтөлбөр нэртэй байгууллага мэдэгдлээ. Ихэр цамхаг нуран унасны дараах анхны тусламж үзүүлэх, эрэн хайх, хохирогчдын шарилыг олох, барилгын нуранги цэвэрлэх, эд мөрийн баримт цуглуулах зэрэг өдий төдий ажилд оролцсон мянга мянган хүнээс уг байгууллагад 127 мянга 567 хүн бүртгүүлснээс 82 мянга нь сайн дурынхан, 44 мянга нь ойролцоо нь ажиллаж байсан юм уу, ердөө ойр хавьд нь байж таарсан хүмүүс бол дээрх 127 мянган хүнээс өнгөрсөн арванхоёрдугаар сарын байдлаар 6781 нь халдлагаас үүдэлтэй хорт хавдар болон бусад өвчин эмгэгээр нас баржээ. Энэ нь халдлагад өртөн амь үрэгдсэн хүний тооноос даруй хоёр дахин олон юм. Зөвхөн Нью-Йоркийн Гал түймэртэй тэмцэх хэлтэс л гэхэд халдлага болсон өдөр 343 албан хаагчаа алдсан бол халдлагаас үүдэлтэй өвчин эмгэгээр сүүлийн 23 жилийн хугацаанд 360 гаруй гал сөнөөгчөө эцсийн замд нь үджээ.
Дэлхийн худалдааны төвийн Эрүүл мэндийн хөтөлбөрийнхний тооцоогоор халдлагын дараа Нью-Йорк хотын 400 мянга гаруй хүн хорт хий, хүнд тоос тоосонцорт хордсон байна.