Н.Мягмардорж  

Технологийн эрин үеийг дагаад "Цахим спорт" дэлхийн өнцөг булан бүрт маш хурдацтайгаар хөгжиж байна. Монгол Улсын цахим спортын багууд ч үзэгч олныг баясгаж, огшоож чадаж байгаа билээ. Тэгвэл та бүхэнд Монголчууд, залуусын дунд өндөр түвшинд хөгжиж энэ цаг үеийн тренд болж буй цахим спортын гурван төрлийг хүргэе.

Утасны дэлгэцнээс цахим спорт болтлоо хөгжсөн "PUBG MOBILE"

Гар утасны энэхүү тоглоом нь анх 2018 оноос эхлэлтэй. Гарсан цагаасаа л байлдан дагуулж маш олон хүүхэд залуус энэ тоглоомыг тоглодог болж улмаар цахим спорт болон хөгжиж чадсан юм. Монгол Улсаас “PUBG MOBILE”-аар хамгийн анх 2020 онд болсон “PMGC” буюу дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд “ZEUS Esport” баг оролцож 16 баг өрсөлдсөнөөс гуравдугаар байранд орж хүрэл цом, 100.000 ам.долларын эзэд болж байсан удаатай. Мөн 2021 онд Godlike Stalwart E-sports баг дөрөв, IHC E-sports баг тавдугаар байранд орж байсан. Ингэж явсаар бидний хүсэн хүлээсэн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний аварга хэмээх цолыг 2023 оны арванхоёрдугаар сарын 11-ны өдөр IHC E-sport баг өөрсдийн нэр дээр бичүүлж Алтан цом, 435.000 ам.долларын эзэн болж Монгол түмэн, E-sport сонирхогч хөгжөөн дэмжигчдээ магнай хагартал баярлуулсан юм.

CSGO-2-ийн түүчээлэгч “THE MONGOLZ”

Мөн л маш их үзэгч, тоглогчидтой и-спортын төрөлд тооцогдоно. CSGO гэхээр л “THE MONGOLZ” баг хэн бүхний толгойд хамгийн түрүүнд бууна. Монгол Улс оюуны чадавхаараа дэлхийд өрсөлдөнө шүү, чадна шүү гэдгийг яруу тодоор харуулж байгаа баг бол яахын аргагүй “THE MONGOLZ” баг билээ. Тэд яг одоо “World Rank” буюу дэлхийн чансаагаар 11-р байранд бичигдэж байна.

Эмэгтэйчүүдэд давуу тал олгодог “MOBILE LEGENDS BANG BANG”

2016 онд анх гар утасны тоглоом хэлбэрээр гарч байсан. Өдгөө найман жилийн хугацаанд шинэчлэгдэн сайжирч явсаар и-спортын төрөл болтлоо хөгжжээ. Энэ спортын гол онцлог нь эмэгтэй тоглогчид давуу. Тэр ч утгаараа эмэгтэйчүүд хүчтэй өрсөлдөгч шүү гэдгийг батлан харуулж байгаа нь гайхалтай. Хүн бүрийн нийтлэг ойлголт байдаг нь бүх зүйл дээр эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс илүү гэж боддог. Хэрэв та ч бас үүнтэй адилхан бодолтой байвал нэгэнт өөрчлөх цаг нь болжээ.