FIDE ( The International Chess Federation)-аас зохиодог 45 дахь удаагийн шатрын олимпиад Унгарын нийслэл Будапешт хотод үргэлжилж байна. Энэ удаагийн шатрын олимпиадад нээлттэй ангилалд 193, эмэгтэйчүүдийн төрөлд 181 баг өрсөлдөж буй.  Манай эмэгтэй шигшээ баг тавдугаар өрөгт АНУ-ын багийг 2.5-1.5 харьцаатайгаар буулган авснаар III байрт бичигдэж эхэллээ. Мөн эрэгтэй шигшээ баг Суданыг 4:0 харьцаагаар хожив.

Энэ сарын 23-ыг дуустал үргэлжлэх энэхүү тэмцээнд эхний хоёр тойрогт Перу , Испанийг (2:1)-ээр ялсан эмэгтэй шатарчид энэ удаад АНУ (2:1) харьцаатайгаар хожиж, таван тойргийн дараа бүтэн оноотой гурван багийн нэг болсон нь энэ. Тодруулбал, манай эмэгтэйчүүд АНУ-ын шигшээ багтай тоглохдоо Т. Мөнхзулын бүтэн оноогоор илүүрхсэн юм. Ингэснээр тэд 10 оноотойгоор Энэтхэг, Армены араас зуузай холбож буй бөгөөд зургаадугаар тойрогт Гүржийн багтай оноолт таарчээ.

Харин эрэгтэй баг эхний хоёр тойрогт Маврикийг хожиж, Чехтэй тэнцсэн. Тэгвэл гуравдугаар тойрогт Израилтай эвийн гэрээ байгуулж, Германд хожигдсон бол тавдугаар тойрогт Суданыг 4:0-ээр буулган авчээ. Эрчүүд зургаадугаар тойрогт Болгарын багтай ур ухаанаа уралдуулна. Зургаадугаар өрөг дууссаны дараа тэмцээн нэг өдөр завсарлах бөгөөд хамгийн сүүлийн буюу 11 дүгээр өрөг есдүгээр сарын 22-д болно.