МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн “JUMP” хөтөлбөрийн 4-р курсын оюутан Энхмөнхийн Шүрэнцэцэг мэргэжлийн дадлага II хичээлийн хүрээнд “BB” жиү жицүгийн академид багш, дасгалжуулагчаар дадлагажиж буй. Бүтэн сарын хугацаанд олон хүүхдэд мэдлэг, чадвар, туршлагаа хуваалцаж, өөрөө ч түүнээсээ суралцсаар явна.
Оюутан байх хугацаандаа багшилна гэдэг нэг талаасаа боломж ч нөгөө талаас ачаалал өндөртэй, амаргүй даваа аж. Энэ талаар Э.Шүрэнцэцэг “Бага насны хүүхдүүдтэй ажиллахад зарим үед хэцүү, хүндрэлтэй зүйл бий. Гэхдээ өнгөрсөн хавар мэргэжлийн дадлагынхаа эхнийхийг “BB” жиү жицү академи дээр хийж байсан нь надад маш их туршлага болсон. Тиймээс энэ жил давуу талтай, илүү хялбар болж байна. Шавь нартаа сургалт орох, дасгалжуулах болгонд би улам туршлага хуримтлуулдаг. Ингээд бодохоор миний хамгийн том бас хүчтэй дасгалжуулагчид бол шавь нар минь юм. Хүүхдүүдэд хичээл заангаа дадлагажих гоё боломж гарсанд баяртай байна” гэлээ.
Мөн хүүхдүүдтэй харилцсанаар хувь хүний хувьд сахилга баттай, хатуужилтай, өөртөө итгэлтэй, үлгэр дуурайлалтай, биеэ зөв авч явах гэх мэт олон талын давуу талыг өөртөө суулгаж байна гэдгийг хэллээ.
Э.Шүрэнцэцэг жиү жицүгийн цэнхэр бүстэй тамирчин. Ямар ч үед тэмцээний өмнөх сэтгэл зүй маш чухал. Харин түүний хувьд сэтгэл зүйгээ хэрхэн хянадаг талаар асуухад “Энэ хүртэл бэлтгэл хийж ирсэн шалтгаан маань тэмцээнд амжилттай оролцохын тулд шүү дээ. Тиймээс энэ үүрэг хариуцлагаа бодож ухамсарласнаар өөртөө итгэх итгэлийг минь улам нэмэгдүүлдэг. Өнгөрсөн хугацаанд өөрөө өөртэйгөө тэмцэж энэ хүртэл ирсэн. Өөрийнхөө даван туулсан, тэвчсэн бүхнээс урам зориг авдаг. Өмнө маш сайн хийж чаддаг байсан зүйлээ одоо хийж чадахгүй байвал би өмнө чаддаг байсан байхад яагаад одоо чадахгүй гэж өөрийгөө илүү их зоригжуулдаг” гэлээ.