Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дүнжингарав” худалдааны төвийн урд талын замд энэ оны нэгдүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө газ дэлбэрч гал гарсан. Уг хэргийг цагдаа, тээвэр, прокурорын байгууллагаас ажлын хэсэг байгуулагдан шалгаж байна. Тэгвэл гал түймрийн улмаас иргэн, аж ахуйн нэгжид учирсан хохирлын хэр хэмжээ, гал гарсан шалтгаан нөхцөлийг тогтоохоор зургаан төрлийн 76 шинжилгээ хийлгэхээр шинжээч томилж 75 дүгнэлтийг гаргуулж, 350 гаруй хүнээс мэдүүлэг авчээ. Мөн энэ хэрэгт холбогдуулан хоёр хүнийг яллагдагчаар татжээ.

Гал түймрийн улмаас Онцгой байдлын газрын 3 албан хаагч, явган болон автомашинаар зорчиж явсан 4 иргэн нас барж, 5 хүн хүнд, 1 хүн хүндэвтэр, 35 хүнд хөнгөн зэргийн гэмтэл болон угаарын хийн хордлогын шинж илэрсэн бол 36 тээврийн хэрэгсэл, 3 барилга байгууламж шатаж, 228 иргэн, 15 аж ахуйн нэгж байгууллагын эд хөрөнгөд 5.4 тэрбум орчим төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдоод байгаа юм.