Энэ сарын 12-15-нд Итали улсад дугуйт цанын залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөв. Тус ДАШТ-ий эрэгтэйчүүдийн “U19” насны ангилалд Монгол Улсын тамирчин Ариунжаргалын Хүслэн алтан медаль хүртэж, энэ төрөлд алтан медаль хүртсэн анхны монгол тамирчин боллоо. Түүний өрсөлдсөн 200 метрийн зайд нийт 17 орны 34 тамирчин уралджээ.
Сонирхуулахад, түүний ээж нь "Турин-2006", "Ванкувер-2010" өвлийн олимпын наадамд оролцож байсан ОУХМ Э.Очирсүрэн юм. Удам дамжсан тамирчин А.Хүслэн “Канвон-2024” залуучуудын өвлийн олимпын наадамд уралдсан 79 цаначнаас 42 дугаарт байрт хурдалсан бөгөөд өдгөө ээжийнхээ удирдлага дор бэлтгэл сургуулилалтаа хийж байгаа билээ.
Дугуйт цана нь 1930-аад оны дундуур Итали болон Хойд Европт үүссэн бөгөөд 1992 онд Олон улсын цанын холбоо буюу FIS (Federation Internationale de Ski) нь дугуйт цанаар гулгах нь цанаар гулгахаас ялгаатай спорт гэж хүлээн зөвшөөрчээ.