Өнөөдрийн трэнд буюу сошиал сүлжээний ээлжит сенсаци А.Ариунзаяа гишүүнийг чиглэлээ. Тэрбээр чуулганы хуралдааны үеэр “Элчин сайдаар томилогдох мэдээллүүдийг цахим орчинд алдагдаж, цацагдахаас нь өмнө нууцалмаар байна” гэсэн нь “Элчин сайдыг нууцлах гэнэ” гэсэн агуулгаар сэвэгдэв бололтой. Угаас монголчууд хэн нэгнийг Элчин сайдаар томилж явуулахад тун “дургүй”. Хэний ч нэр гарч ирсэн хэл ам хийнэ, шүүмжилнэ, муулна. Тэглээ гээд олон нийт дургүй байхад Их хурлын чуулганыг босгыг давтлаа дэмжигдчихсэн хүнийг томилохгүй гээд больж байсан нь бараг үгүй биз.
Ер нь Монгол Улсыг төлөөлж гадаадад Элчин сайдаар ажиллана гэдэг өндөр үүрэг хариуцлага. Тэр хэрээр хэл уснаас эхлээд шалгуур өндөр. Тиймээс ч төрийн тэргүүний саналыг Засгийн газар, байнгын хороод, парламент гээд олон шат дамжлагаар хэлэлцүүлж гишүүн, сайд нэг бүрийн саналыг нь сонсдог дэг журамтай. Үнэхээр тааруухан хүн ороод ирвэл тэр олон “нүд” буцаах л учиртай.
Гэтэл сүүлийн үед ямар нэг томилгооны сургаар хаа нэгтэйгээс худал мэдээлэл тарааж, хэргээр нэр “хаяж” өгч олон нийтийг бухимдуулдаг байдал гарах болсон. Үүний хор уршиг их. Нийгэмд шуугиан дэгдээж талцуулна, үнэн худал нь мэдэгдэхгүй хөөсөрч нийтээр нь бужигнуулж орхино. Нөгөө талаас төр түмний таалалд нийцүүлж сошиал хандлагаар ажлаа хийдэг, шийдвэрээ өөрчлөх эрсдэлд ч хөтөлж мэднэ. Энэ нь манайхны хэллэгээр бол “тамхины цэг”-ийн мэдээ л дээ. Гэвч тусгаар тогтносон Монгол Улсыг гадаадад төлөөлөх Бүрэн эрхт Элчин сайдын асуудал бол бидний сошиалд эрх дураараа аашилдаг, маазарч, муучилдаг ч сэдэв биш. Томилогдоод явлаа гэхэд Монголын хэвлэлүүдэд гарсан худал үнэн, хар бараан мэдээллүүд бүгд түүнтэй хамт “очино”. Цаашлаад тухайн улсын хүлээж авах хандлага, гадаад бодлогод ч ямар нэг хэмжээгээр нөлөөлөхгүй гэх газаргүй. Тиймээс л төр засгаас шилж сонгоод томилж байгаа бодлогод хүн нэг бүр учиртай хандах ёстой.
Үндсэндээ дипломат томилгоонд “тамхины цэг”-ийн мэдээлэл огтоос хэрэггүй. Харин албан ёсоор үндэслэл шалгуур хангасан хүнийхээ нэрийг ил зарлах хэрэгтэй.
Ингэж харвал УИХ-ын гишүүн А.Ариунзаяагийн хэлснийг бодох л учиртай аж. Тэрээр “Албан ёсны эх сурвалж мэдээлэхээс өмнө үнэн худал мэдэгдэхгүй нийгмийн шуугиан олон талын сөрөг нөлөөлөлтэй байдаг учраас албан ёсоор зохих газар зарлахаас өмнө төлөвлөлтийн явцын мэдээлэл алдагдлыг, эсвэл хуурамч сэвээ ч юм уу гэдгийг ярьсан нь дан ганц ГХЯ-ны асуудал биш юм. Үүнд сайдын тайлбарыг сонсох байсан ч боломж гарсангүй. Бид ер нь л албан эх сурвалжийн мэдээ олж харах нь хомс болж, "гэнэ ээ" гэдэг мэдээллээр л тэтгэгддэг боллоо...” гэж.