Дорнод аймгийн Булган сумын нутаг дэвсгэрт иргэн Б нь энэ оны есдүгээр сарын 5-ны өдөр “Дэрвэгэр жиргэрүү” ургамлыг түүж бэлтгэн, 2 сая 300 мянган төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулжээ. Энэхүү ургамал нь Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолоор “Ховор ургамлын жагсаалт”-д орсон юм. Иргэний уг хууль бус үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн.

Түүнчлэн Завхан аймгийн Алдархаан сумын нутаг дэвсгэрт иргэн Б нь хууль бусаар “Нэн ховор ургамлын жагсаалт”-д орсон арц ургамал түүж, бэлтгэн 32 сая 944 мянган төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулжээ. Уг үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлыг нөхөн төлүүлж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлжээ.

Мөн Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нутаг дэвсгэрт байх ойгоос иргэн Ж нь энэ оны зургаадугаар сард зохих зөвшөөрөлгүйгээр “Шинэс” модыг бэлтгэж, сумын ойн санд 2 сая 401 мянган төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулжээ. Уг үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааны явцад  хохирлыг нөхөн төлүүлж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн байна.