Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Цагаан Алт" үндэсний хөдөлгөөнийг санаачлаад буй. Энэ хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон арилжааны 10 банк “Ноос, ноолуур, арьс ширний боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих эргэлтийн болон хөрөнгө оруулалтын зээл”-ийн санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурлаа. Тодруулбал, Хаан банк, Төрийн банк, Худалдаа хөгжлийн банк, Голомт банк, Хас банк, Капитрон банк, Тээвэр хөгжлийн банк, Богд банк, М банк, Ариг банк зэрэг арилжааны 10 банкны удирдлагууд санхүүжилтийн гэрээг үзэглэв.

2025 оны улсын төсөвт 788.9 тэрбум төгрөгийн зээлийн санхүүжилт батлагдсан бөгөөд эргэлтийн хөрөнгөд 300.0 тэрбум төгрөг, хөрөнгө оруулалтын зээлд 488.9 тэрбум төгрөг, эргэлтийн болон хөрөнгө оруулалтын хөнгөлттэй зээлийн Засгийн газраас хариуцан төлөх хүүгийн хөнгөлөлтөд 66.4 тэрбум төгрөг тусгаад байгаа юм.

Ёслолын арга хэмжээг нээж ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр хэлэхдээ, Монгол Улсын арьс шир, ноос ноолуурын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилготой “Цагаан алт” хөтөлбөр албан ёсоор эхэлж байна. Бид ноос ноолуурынхаа 70 гаруй хувь, арьс ширнийхээ 30-40 хувьд анхан шатны боловсруулалт хийж байна. Тиймээс нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд “Цагаан алт” хөтөлбөр чиглэнэ. Уг хөдөлгөөн эхэлснээр Монгол Улсын эдийн засаг уул уурхайгаас хэт хамааралтай байдлаас салах, эдийн засгаа олон тулгуурт болгох ажил эхэлж байна. Уламжлалт газар тариалан, мал аж ахуй, хөнгөн үйлдвэрүүдээ босгож байж бид цаашаа явна. Улс төр, нийгэм эдийн засаг ийм таатай үед бид хөнгөн үйлдвэрүүдээ босгохын тулд бүгдээрээ хамтдаа ажиллах шаардлагатай байна гэдгийг онцолсон юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай “Ноолуур зарим бүтээгдэхүүнийг эс тооцоход хөнгөн нэртэй хүнд салбарыг босгож ирэхийн тулд Монгол Улсын Ерөнхийлөгч дэмжиж байгаа. Шат дамжлага бүр дээр нь зээлээ оновчтой олгохоор маш сайн төлөвлөлт хийсэн. Өртгийн сүлжээн дээр суурилсан гэдгээрээ онцлог байна. Хоёрдугаарт, ногоон зээл ердийн зээлээс 1-2 пунтээр бага байгаа. “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд 8-10 мянган ажлын байр нэмэгдэнэ” гэсэн юм.

“Цагаан алт” үндэсний хөдөлгөөн нь 2024-2028 оны хооронд хэрэгжих бөгөөд үүний үр дүнд

  • Ноолуурын бүрэн боловсруулалтын түвшнийг 20 хувиас 40 хувь хүртэл нэмэгдүүлж, үйлдвэрлэлийг 1,5 их наяд төгрөгөөс 2,3 их наяд төгрөг, экспортыг 398 сая ам.доллароос 690 сая ам.доллар хүртэл нэмэгдүүлж, шинээр 3 мянга гаруй ажлын байрыг бий болгох болно.
  • Ноосны боловсруулалтын түвшнийг 25 хувиас 55 хувь хүртэл нэмэгдүүлж, үйлдвэрлэлийг 240 тэрбум төгрөгөөс 670 тэрбум төгрөг, экспортыг 52 сая ам.доллароос 119 сая ам.доллар хүртэл нэмэгдүүлж, шинээр 2200 орчим ажлын байрыг бий болгох болно.
  • Арьс, ширний гүн боловсруулалтын түвшнийг 30 хувиас 50 хувь хүртэл нэмэгдүүлж, борлуулалтыг 57.8 тэрбум төгрөгөөс 90.0 тэрбум төгрөг, экспортыг 9.6 сая ам.доллароос 22.4 сая ам.доллар хүртэл нэмэгдүүлж, шинээр гурван мянга гаруй ажлын байрыг бий болгох юм.