Б. Бямбадэлгэр

Монголын сагсан бөмбөгийнтүүхэнд тодоос тод дурсагдаж ирсэн “Гарьд” хэмээх багийн бренд нэр 14 жилийн дараа бүтэн шинэчлэгдлээ. Үндэсний супер лиг, Спрайт лиг, Монголын Бүх Ард түмний спарткад, Холбоодын цом, Монголын Үндэсний дээд лигийн 3 удаагийн аварга “Гарьд” баг.

Анх 2011 онд Спрайт хөгжлийн лиг, Спайрт супер лигт “Танан Гарьд” нэрээр орж аварга багаар тодрон, 2012 оноос дээд лигт дэвшин орсон энэ баг 14 жилийн турш өнөөдрийг хүртэл Монголын сагсан бөмбөгийн түүх, хөгжил дэвшил, уналт босолттой салшгүй холбоотой байж олон тамирчин, тэдний гэр бүл, хөгжөөн дэмжигчид, өрсөлдөгч багууд, дээд лигийн салшгүй нэг хэсэг, тод өнгө байсаар ирсэн. Энэ олон жил тууштай, амжилттай явсан хамгийн том шалтгаан бол Ивээн тэтгэгч, багийн эзэд юм. Ийнхүү энэ хугацаанд:

Танан Гарьд

Дорнод Танан Гарьд

Дархан Гарьд

Алдар Танан Гарьд

М Гарьд

BCH Гарьд гээд нийт 6 удаа спонсороо даган нэрээ сольсон ч Гарьд гэдэг нэр солигдож байгаагүй. Гэтэл өмнө жилээс ивээн тэтгэж эхэлсэн “БИ СИ ЭЙЧ РЕСУРС” компани энэ жилээс шинэчлэл,эхлэл, рэ-брендинг гэдэг үгэн дор энэ багийн нэрийг Knight болгож буй. Харин үүнд тус багийн үнэнч хөгжөөн дэмжигчид дургүй байгаа талаар цахим орчинд шуугиж байна. Мөн “Гарьд” нэрээ буцааж авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн ба #SaveGarid нэртэй аяныг эхлүүлээд байна.

Мөн тус багт өнгөрсөн жилүүдэд туслах дасгалжуулагчаар ажилласан Ц. Эрдэнэбаясгалан анх удаа ахлах дасгалжуулагчаар ажиллахаар болсон байна.