Уртын дуучин, Соёлын тэргүүний ажилтан Б.Номин-Эрдэнэтэй ярилцлаа.
-Та сүүлийн үед нам гүм байна. Ямар ажил амжуулж явна?
-“Монголын их шуранхай” хэмээх нэвтрүүлэг хийлээ. Миний түүхийг илэрхийлсэн сайхан нэвтрүүлэг болж олонд хүрсэн. Бас өөрийгөө хөгжүүлж, сурахыг илүүд үзлээ. 2020-2024 онд “Сан” их сургуульд нягтлан бодох бүртгэлийн менежмент, бизнесийн удирдлагын мэргэжлээр магистрын зэрэг хамгаалсан. Эмзэглэж явдаг нэг зүйл байдаг юм. Урлагийн сургуульд уртын дууны ангид биднээс дээш үеийнхэн зургаан жил сурдаг байсан. Намайг сурах үед таван жил болж өөрчлөгдсөн. Дараа нь дөрвөн жил болсон. Уг нь манай улсын цаг уурын нөхцөл байдалтай холбоотойгоор уртын дуучны хоолойн цараа, чадвар нь хоёр жилийн давтамжтайгаар гурван шатаар өсдөг. Тиймээс мэргэжлийн сургуульд зургаан жил суралцах нь зохистой. Цаг үетэйгээ нийцүүлээд олон зүйлийн хугацааг нь богиносгож байна. Харин уртын дуучин бол хүний биологийн онцлог, аливааг хүлээж авах чадвараас шалтгаалаад туршлага сууж, боловсордог мэргэжил. Уртын дуучнаар сурч төгссөн хүмүүс нийтийн дууны салбарт хүч үзэх нь түгээмэл болж. Мэдээж үүнд зах зээл, эрэлт нөлөөлдөг. Гэхдээ нөгөө талдаа уртын дууны өв соёл нимгэрч байна.
Энэ ч үүднээс би эдийн засгийн мэргэжлээр суралцаад, уртын дууг соёлын бүтээлч үйлдвэрлэл буюу урлагийн салбарт байр суурийг нь улам бэхжүүлэхийг эрхэмлэн ажиллаж байна.
Би 17 насандаа анхны цомгоо баримтжуулсан. Өдий хүртэл 17 цомогт ажиллажээ. Үүнээс нэгийг нь Англид тус улсын хөгжмийн продюсертэй хамтарч гаргасан. Дөрвийг нь Швейцарт бичүүлсэн. Олон улсын зах зээлд уртын дуу ямар байр суурьтай байдаг, дэлхийн уран бүтээлчидтэй хэрхэн хамтарч ажиллахыг дараагийн үеийнхэн, энэ төрлийн бизнес эрхлэгчдэд хүргэхийг хичээсэн минь энэ. Хүмүүс уртын дуу сонсдог, хайрладаг, хамгаалдаг байгаасай. Энэ л миний зорилго. Уртын дуучид найран дээр л дуулдаг гэх төсөөлөл олон нийтийн дунд түгээмэл байна шүү дээ.
-Таны мэргэжилдээ баримталдаг зарчим юу вэ?
-Мэргэжилдээ үнэнч байхыг эрхэмлэдэг. Түүнээс биш цахим орчинд бараа борлуулаад явахыг хүсдэггүй. Бусад салбар луу хөрвөж чадахгүй байгаа нь миний мэргэжлийн үнэ цэнтэй холбоотой. Хөрвөх боломжгүй эрхэм мэргэжил бол уртын дуучин.
Гадаад оронд дуулахаар очиход цагийн зөрүү илт мэдрэгддэг. Сайн дуулахын тулд хоолойгоо цагийн зөрүүнд дасгах ёстой. Тэр бүх хугацааг тооцвол би мэргэжлийн уран бүтээлч болохын тулд 11 жил зарцуулж. Уртын дууны ач холбогдол, туурвилыг энэ цагийн хүмүүст ойлгомжтой хүргэх ёстой. Ингэж чадвал монголчууд төдийгүй гадаадынхан ч ойлгож хүлээж авна.
-Та ямар төрлийн уртын дуу дуулахыг илүүд үздэг вэ?
-Айзам дуу дуулах дуртай. Учир нь айзам дуу нь яаж амьдарч байгаа, хэн гэдгийг хэлээд өгдөг. Нэг ёсондоо багш болдог. Нойр дутуу эсэх, бэлтгэлээ хэр хийсэн, туршлага суусан уу, үгүй юү гэдгийг айзам дуу дуулаад мэдэж авна. Тухайн дууг дуулж чадаж байвал тасралтгүй хөгжиж яваа гэдгээ ойлгодог.
Айзам дуу бол сонсогчдод гэхээс илүүтэй дуучдад авшиг өгдөг гайхалтай төрөл.
-Ур чадвар эзэмших үйл явцыг багшгүйгээр төсөөлөхийн аргагүй. Таны багш ямар хүмүүс байв?
-Би хүүхэд байхдаа үргэлж сонгодог бүтээлүүд үзэж, сонсож өссөн. Дуулах авьяасаа Баянхонгор аймгийн “Тэмүүжин” театрт нээсэн. Есөн настай байхдаа П.Өлзийбаяр багшдаа шалгуулж, шавь орж байлаа. Миний анхны багш Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат Д.Хорлоо гэж хүн бий. Мэргэжлийн уртын дууны багш маань Гавьяат жүжигчин Ц.Дэлгэр. Дундговь аймгийн, авьяас нь ундарсан хүн байлаа, багш минь. Багшийн маань үед уртын дуу нууцын тарни мэт байсан билээ. Шавь нараа загнаж, шаардаж байсан удаагүй. Гавьяат жүжигчин С.Цогтсайхан, Ч.Бат-Эрдэнэ, Д.Ширмэнтуяа, Г.Хонгорзул гээд олон алдартан багшийн минь шавь.
Дөнгөж хүсэл, мөрөөдлөө олж тодорхойлчхоод явж байхдаа мэргэжлийн, чадварлаг багш нартай таарсан азтай хүн, би. Тэд минь хүүхэдтэй ажиллах арга барилаа сайн мэддэг байсан. Суурийг маань сайн тавьж, ихийг зааж сургасанд үргэлж талархдаг. Одоо бодох нь ээ, багш намайг дуучин болно гэдгийг мэддэг байсан юм билээ. Өсвөр настай байхад хоолойг минь хайрлаад огт дуулуулаагүй. Багш нар маань уран бүтээлч хүн хувцасны болон хоолны соёлтой, мэдлэгтэй, хариуцлагатай байхыг захидаг байсан нь ихийг сурах жим болсон. Урлагийн замнал уран бүтээлчээс ёс зүйтэй, эмх цэгтэй байхыг шаарддаг. Тайзан дээр “амилдаг” мэргэжил учраас хувцас, эдлэл, хэрэглэлээ гоё сайхан байлгахыг хичээж ирсэн. Энэ суурь чадвар дуучныг үргэлж дагадаг.
-Ц.Дэлгэр багшийн шавь нар нэгэн үе “Шуранхай” хамтлаг байгуулж, уран бүтээлээ туурвисан. Хамтлагаа “Шуранхай” хэмээсэн нь ямар учиртай вэ?
-Бид гурав нэг багшийн шавь. Г.Эрдэнэчимэг маань манай дээд төгсөлтийнх. Д.Үүрийнтуяа манай дээд дамжааных. Анх танилцахдаа би бэлтгэл ангид байсан. Хичээлээ хийгээд сууж байхдаа бид гурав танилцсан. Ингээд тоглолт хийх тухай ярилцаад “Шуранхай” хэмээн нэрлэсэн.
Тоглолтын үеэр Төрийн соёрхолт Ш.Гүрбазар гуай зарлахдаа “Шуранхай хамтлагийг урьж байна” гэж тайзнаа зарласан. Тухайн үед бид гурав нэг нэгэн рүүгээ хараад их гайхаж хүлээж авсан. Дараа нь биднийг “Шуранхай” хамтлаг гээд зарлачих” гээд л дуулаад явдаг байсан минь мартахын аргагүй сайхан дурсамж юм. Ингэж л бид олондоо “Шуранхай” нэрээрээ танигдсан.
-“Шуранхай” хамтлаг богино хугацаанд ихийг бүтээсэн. Тухайн үед амрах завгүй хөдөлмөрлөдөг байв уу?
-Бид гурван жилийн хугацаанд таван цомогт ажилласан. Энэ үедээ орон нутаг руу тоглолтоор их явдаг байлаа. Тэндээсээ санхүүжилт “босгоод”, уран бүтээлүүдээ туурвисан. Урлаг хэр өндөр зардалтай, тэвчээр шаарддаг болохыг бидний замналаас харж болно. Жамаараа бид гэр бүлтэй болж, амьдрал зохион тус тусын замаа хөөсөн.
Ээж болж их хариуцлага үүрсэн хүмүүс эргэж хамтрах амаргүй. Одоо бид гурав 10 гаруй хүүхдийн ээж болжээ.
-Залуухан бүсгүйчүүд хамтлагтаа тус тусын үүрэгтэй байв уу?
-Би урын сангийн бодлогоо барьдаг байсан. Өнгө имиж, хувцаслалтыг Чимгээ хариуцна. Харин санхүүг Үүрээ барина. Монгол Улс өөрийн гэсэн үндэсний онцлогтой байх ёстой гэсэн зарчмаар л ажилласан. Уртын дууг хүмүүст хүргэхдээ ийм байдлаар, тийм хөгжмийн урсгал ашиглаж уран бүтээлээ туурвина гэж төлөвлөдөг байлаа. Ингэж дуулбал хүмүүст таалагдана гэж хөдөлмөрлөсөн. Бид бодож, төлөвлөснөө уран бүтээлдээ шингээгээд л явдаг байсан.
Биднээс хойш олон хүн ардын дуу дуулдаг, уран бүтээл туурвидаг болсон. Монголын зах зээлд нээлт хийж чадсан гэж дүгнэдэг.
Бид азтай үед уран бүтээлээ туурвисан. Учир нь 2008-2012 онд Монгол Улсын эдийн засгийн хамгийн өндөр өсөлттэй үе байсан. Тухайн үед үндэсний томоохон компаниуд бий болсон. Тэдний дэмжлэгээр ямар ч асуудалгүй уран бүтээлээ хүргээд явсан. Сайхан хамтлагийнхаа буянаар 12 жилийн турш түмэндээ хүндлэгдэж явна даа.
-Уран бүтээлээ сонсогч олондоо хүргэх мөчийн мэдрэмж ямар байдаг вэ?
-Энэ жил Дээрхийн гэгээн Далай багшид хүндэтгэл үзүүлж дуулсан. Тухайн агшин уран бүтээлч байхын сайхныг мэдрүүлсэн. Цаглашгүй их буян хурааж байна гэж бодож их баярласан. Бид Далай багшийн өмнө дуулах бүтээл авч үлдсэн нь үнэ цэнтэй. Дэлхийн ямар ч алдартай хүний өмнө дуулахад тэд баярлаж, их сайхан хүлээж авдаг. Тэдний сэтгэлийг хөдөлгөж чадаж байгаа нь уртын дууны гайхамшиг.
Уртын дуу дуулахад байгаль дэлхий хүртэл баярладаг. Хүн төрөлхтний оюун санааны болоод байгаль хоорондын уялдаа шүтэлцээний холбоос нь уртын дуу. Амьтай бүгдийг уярааж байгаа нь гайхалтай.
-Уртын дуучид гадагшаа явж дуулах нь олон. Тайз бүр өөр мэдрэмж төрүүлдэг үү?
-Тайз бүр хариуцлагатай. Гадны орны хүмүүс багаасаа суурь нь тавигдсан байдаг учраас хөгжмийн боловсрол өндөртэй. Тэд уртын дууг сонсоод ямар сонин техникээр дуулав, байгаль дуулдаг байсан бол яг ингэж дуулах байх гэж хэлдэг. Дуулаад дуусахад их удаанаар тасралтгүй алга ташина. Сэтгэлээсээ уйлж сонсдог. Харин монгол хүмүүс харьцуулж хүлээж авдаг. Өмнөх дуучин ингэж дуулсан, энэ дуучин ийм дууллаа гэдэг ч юм уу. Ардын дууны сонсогчид өөр хүмүүс байдаг. Тэд дотроо дүгнэлт хийж, сайхныг нь мэдэрдэг. Түүнийгээ цахим орчноор илэрхийлдэггүй.